Өнгөрөгч нэгдүгээр сарын 31-нд гэрээсээ амьсгал тасалдсан байдалтай олдсон нэрт дуучин Уитни Хьюстоны охин Бобби Броун удаан хугацааны туршид эмнэлэг эмчилгээ хийлгэж байсан боловч өнөөдөр (орон нутгийн цагаар 2015 оны долдугаар сарын 26-нд) нас баржээ.
Энэ талаар гэр бүлийнхэн нь мэдээлсэн бөгөөд тэд “Бобби Кристина Броун 2015 оны долдугаар сарын 26-ны ням гаригт нас барлаа. Түүний ойр дотнынхон, гэр бүлийнхэн нь эцсийн мөчид дэргэд нь хамт байсан. Одоо тэр бурхны дэргэд очсон. Өнгөрсөн хэдэн сарын турш биднийг сэтгэл санаагаар дэмжиж хүн бүрт гүнээ талархаж буйгаа илэрхийлье” гэжээ.
Энэ оны эхээр буюу нэгдүгээр сарын 23-нд Бобби Броуны Розуэлл дэх гэрт хүмүүс зодолдож байна гэсэн дуудлагыг цагдаагийнханд хэн нэгэн өгсөн бөгөөд дуудлагын дагуу очиход хэн ч хаалга тайлаагүй хэмээн цагдаагийн ажилтнууд тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн Броуныг угаалгын өрөөнөөс нь олоход цээжин тус газраа цохиулсан ул мөр үлдсэн байсан тул мөрдөн шалгахад найз залуу Ник Гордон нь зүрхний иллэг хийх үед үүссэн хөхрөлт хэмээн тайлбарлажээ. Гэсэн ч өнгөрөгч зургадугаар сард Ник Гордонд Жоржиа мужийн Фултон хотын иргэний шүүхэд Бобби Броуны биед гэмтэл учруулсан хэргээр нэхэмжлэл үүсгэжээ. 2013 онд Хьюстоны охинтой сүй тавьсан Гордон гуравдугаар сард телевизийн нэвтрүүлэгтээ орохдоо уйлж, “Би Криссиг алдаж чадахгүй” хэмээн ярилцлага өгч байсан, эмнэлэгт хэвтэж байх үеэр нь данснаас нь 11.000 ам.доллар хулгайлсан зэрэг үйлдлүүд нь түүнийг буруутган, сэжиглэхэд хүргээд буй аж.