Аймгуудын баяр наадамд ая дуугаа өргөхийн зэрэгцээ урин дулаан цагт дуунуудаа дүрсжүүлж, аялан тоглолт хийх зэргээр урлагийнхан тун завгүй “амардаг”. Тэдний хувьд ажил, амралт нь үргэлж хосолдог ч гэж хэлж болно. Уржигдар л гэхэд Сүхбаатар аймгийн төв Баруун-Уртад “Зүүн бүсийн хурд 2015” наадмын хүрээнд “Өргөн зугаалга” шоу болж рок, поп дуучдын “десант” буусан байна.
Бид дуучин Б.Сарантуяатай холбогдож, аль аймагт хэрхэн наадаж, ямар уран бүтээл хийж буйг нь тодрууллаа.
-Сайн байна уу. Аян замд гарч, олон аймагт тоглолт хийсэн тухай нь дууллаа. Та одоо хаана явна вэ?
-Үндэсний их баяр наадмын дараа Шаргалжуутад амарч, тэндээ тоглолтод оролцсон. Бас Завхан аймгийн Тосонцэнгэлд “Очирваань шүтээн” тоглолт, Увс аймгийн наадмын тоглолтуудад оролцоод ирлээ. “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан энэ нутгийн ард түмэнд зориулан тоног, төхөөрөмжөө зэхэж, гайхалтай тоглолт өргөн барилаа. Нутгийнхан нь дархан аварга Х.Баянмөнхөд зориулан хөшөө босгож байна. Увс нуурт бүтэн өдөржин сайхан амарсан.
Яг одоо Аварга тосон руу гарч байна. Тэндээ долоон хоног амраад ирнэ.
-Якутад очиж дуугаа дүрсжүүлсэн гэсэн үү?
-Зургадугаар сард “Зоргоороо амраг” дууны клипийг хийлгэхээр ОХУ-ын Якутад очоод ирсэн. Хайртай ээжийнхээ нутагт “Олонхо” хамтлагтайгаа аялан тоглолоо. Якутын үндэсний баяр үнэхээр сайхан ёс заншлаа дээдэлж, жаяг дэгтэй болдог юм байна. Ирэх сард “Сэхүүн салхи”, “Аав ээж хоёр” дуугаа дүрсжүүлэхээр төлөвлөсөн.
-Өнгөрсөн жил 21 аймгаар аялан тоглосон. Энэ жил бүрэн хэмжээний тоглолт хийсэн үү?
-Долдугаар сарын 4-нд ӨМӨЗО-ны Ордост “Рандом” хамтлагтайгаа очиж бие даасан тоглолтоо хийгээд ирлээ. Одоо наймдугаар сар хүртэл хэсэг амарна аа.