АНУ-ын Вашингтон хотод өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 5-ны хооронд Цагдаагийн дэлхийн тоглолт болсон билээ. Тус тэмцээнд манай улсын цагдаагийн байгууллагын алба хаагчид амжилттай оролцон, бүгд медальтай ирсэн.
Тэр дундаа буудлага спортын 10 метрийн хийн урт бууны мөн 50 метрийн гурван байдал болон хэвтээ 60-н сум буудах төрлүүдээс гурван алтан медаль хүртсэн хүн бол Монголын буудлага спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, ЦЕГ-ын харьяа “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Олзодын Энхсайхан.
Түүнийг “Нямын зочин” буландаа урилаа.
-Цагдаагийн дэлхийн тоглолтоос та бүхэн найман алт, гурван мөнгө, хоёр хүрэл, нийт 13 медальтай ирсэн. Гэвч баяр наадмын уур амьсгалд дарагдаад чимээгүй өнгөрчихөв үү гэж бодлоо. Энэ тэмцээний талаар ярилцлагаа эхэлье.
-Цагдаагийн дэлхийн тоглолт хоёр жилд нэг удаа болдог. Манай улсын цагдаагийн байгууллагаас хоёр дахь удаагаа оролцлоо. 2013 онд болсон тэмцээнд манайхаас оролцож чадаагүй.
Харин 2011 онд цагдаагийн 20 гаруй алба хаагчийн бүрэлдэхүүнтэй баг явж, би буудлага спортоор баг болон хувийн төрөлд оролцон, зургаан медальтай ирсэн.
Харин энэ удаагийн тэмцээнд 70- аад орны 1200 тамирчин спортын 60 гаруй төрлөөр өрсөлдлөө. Миний хувьд хийн урт бууны 10 метрийн төрөл, 50 метрийн гурван байдал болон хэвтээ дасгалуудад түрүү авч, алтан медаль хүртсэн.
Бид буудлага, хүндийг өргөлт, дугуй, каратэ, мото спорт гэсэн төрөлд өрсөлдөн, нийт 13 медаль хүртсэн.
-Цөөхүүлээ ч гэсэн амжилттай оролцжээ. Энэ жилийн тэмцээн 2011 оныхоос юугаар онцлог болов. Тамирчдын чансаа ямар байсан бэ?
-2011 оныг бодвол тамирчдын чансаа өндөр болсон байна. Бусад орны цагдаагийн байгууллагаас энэ тоглолтод анхаарал хандуулж, ач холбогдол өгдөг болсон нь анзаарагдлаа.
Тайванаас гэхэд буудлагын төрөлд хоёр баг оролцсон. ОХУ, Энэтхэг зэрэг буудлага өндөр хөгжсөн орнуудын тамирчид оролцож байгаа нь уг тоглолтын нэр хүнд өссөнийг харуулж байна. 2017 онд Канадын Монтрель хотод болох бол, 2019 оныхыг БНХАУ зохион байгуулах нь сая тэмцээний үеэр тодорхой боллоо.
Буудлагын спорт Хятадад өндөр хөгжсөн учраас 2019 оны тоглолт илүү ширүүн өрсөлдөөнтэй болох байх.
-Хийн урт буун төрөлд таны рекорд 595 байдаг шүү дээ. 585 оноогоор алтан медаль хүртсэн нь амар даваа байв уу?
-Тэмцээн эхэлсэн хойно нь очсон ч алтан медаль хүртсэндээ баяртай байгаа. АНУ, Тайван, ялангуяа Энэтхэгийн тамирчид их хүчтэй байсан.
Тийм болохоор дараагийн тэмцээнд нэлээд өндөр амжилт үзүүлж байж медальд хүрэх болов уу
-Яагаад тэмцээн эхэлсэн хойно нь очсон юм бэ?
-Жуулчдын үе эхэлсэн гээд онгоцны билет олдохгүй байсан юм. Гэхдээ тэмцээнээсээ хоцрох байх гэж бодсон ч амжиж очсон. Айр экспэртийн хамт олон маш их тусалсан. Уг нь Америкийн виз 2-3 хоноод л гардаг.
Визээ тэдэнд аваарай гэсэн боловч тэр үеэр Америкийн виз олгодог системд нь гэмтэл гарсан гээд ихэнх тамирчны виз хоцорч гарсан.
Заримынх нь бүр тэмцээн дууссан хойно ч гарснаас болж, хэсэг албан хаагч маань явж чадаагүй.
-Харамсалтай юм. Ингэж яарч сандарч очсон нь тэмцээний үеэр таны сэтгэлзүйд хэр нөлөөлсөн бэ?
-Ямар ч тохиолдолд сэтгэлзүйн хувьд бэлэн байх шаардлагатай. Тиймдээ ч аль болох тайван байхыг хичээж буудсан.
-Та буудлагын спорттой хувь заяагаа холбоод 20 гаруй жил болжээ. Ингэхэд буудлагын спортыг яагаад сонгосон юм бэ?
-Би Дундговь аймгийн Гурвансайхан сумын уугуул. Намайг 12-той байхад манайх Улаанбаатар хотын Багануур дүүрэгт шилжиж ирсэн. Тэр үед Цэрэннадмид багшийнх маань бас нүүж очиж таарч. Түүний хүү Ариунбадрал бид хоёр нэг ангид орлоо.
Хоёулаа шилжиж очсон шинэ хүүхдүүд учраас амархан дотЭ носон, сайн найзууд болсон. Нэг өдөр найзын минь ээж, спортын мастер Цэрэннадмид багш надад буудлагын секцэнд явах санал тавьсан.
Багадаа буугаар их тоглодог, нагац ах нар маань буугаар яаж буудахыг зааж, тарваганд явахдаа дагуулж явдаг байсан болохоор буунд багаасаа “дурласан”. Ерөнхий боловсролын дунд сургуулиа төгсөөд 1992 онд БТДС-ийн буудлагын дасгалжуулагчийн ангид элсэн орсон.
Тэр үед буудлагын дасгалжуулагчийн анхны элсэлтээ авч байсан юм.
-Анхны юм бүхэн мартагдашгүй байдаг шүү дээ. Та анхны тэмцээнийхээ талаар сонирхуулахгүй юу?
-Анх Өсвөрийн тэмцээнд оролцохдоо нийслэлийнхээ төвд ирж байлаа. Тухайн үед яаж буудсан, юу хийх ёстой, хэд оносон бүү мэд. Их сандарч байснаа л санадаг юм.
Багануурын ЗДТГ-ын подволд бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан надад хотын ганган, гоё хувцастай хүүхдүүд хамгийн мундаг харагдаад, адилхан онож байгаа ч тэд илүү санагдаж байсан.
Анхны тэмцээндээ буудаж онохоос илүү бусад зүйлд анхаарлаа хандуулчихсан байжээ.
-Таны амжилтын замнал Монгол Улсын залуучуудын рекордыг давтсанаас үүдэлтэй байх аа?
-1991 онд Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож түрүүлээд улсын аваргад явах болсон ч зэрэг, норматив хүрээгүй учраас оролцож чадаагүй. Тийм дүрэмтэй болохоор яалтай.
Харин дараа жил нь Чита хотод болсон олон улсын тэмцээнд оролцон, хэвтээ 60 сумны дасгалд 582 онож, Монгол Улсын залуучуудын рекордыг давтсан.
Үүний дараа 1993 онд уулзалт тэмцээнд 591 онож, спортын мастер болсон.
-Та өдий болоход хэчнээн буу элээсэн байх юм?
-Анх стандарт буугаар буудсан. Түүнээс хойш 4-5 буу сольсон юм уу даа. Сайн анзаарч байгаагүй юм.
-Таны эхнэр бас төрсөн дүү тань буудлагын спортын тамирчин. Тодруулбал, таны гэргий ОУХМ З.Батхуяг гэдгийг хүмүүс мэдэх байх?
-Эхнэртэйгээ буудлагын тэмцээний үеэр танилцсан. Манай эхнэр Дэлхийн цомын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө хүрэл, Зүүн Азийн наадмын хүрэл медальтай. 2000 оны Сидней, 2008 оны Бээжингийн олимпийн наадмуудад оролцож байсан.
Миний төрсөн дүү Энхтуяа маань намайг буудлагын спортод орсны дараа мөн энэ спортод хорхойсч, хичээллэж эхэлсэн. Спортын мастер цолтой бүсгүй бий.
-Та сайн нөхөр байж чаддаг уу?
-Чаддаг гэж бодож байна. Бас сайн зөвлөгч гэх үү дээ. Бид бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдааны үед нэг гэрийн хоёр гэхээс илүү нэг багийн тамирчид шиг л харилцаатай байдаг.
Заримдаа Хуягаагаа эхнэрээ гэдгийг мартчихсан байх нь бий. Орой гэртээ ирээд л мэдэж байгаа юм шүү (инээв).
-Буудлагынхныг тэтгэвэрт хэзээ ч гардаггүй гэдэг. Энэ спортын сайхан нь юу юм бэ?
-Би одоо 40 настай. Хэрвээ бөх байсан бол өдийд барилдахгүй шүү дээ. Буудлагын спортоор хөгширсөн хойноо ч хичээллэж болдгоороо онцлог.
Энэ жил болсон Улсын аварга шалгаруулах тэмцээнд 82 настай буурал оролцсон.
-Та тамирчин, дасгалжуулагч, одоо Монголын буудлага спортын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Жаргал, зовлонг нь сайн мэдэх хүний хувьд энэ албыг аваад хамгийн түрүүнд юу хийсэн бэ?
-2014 оны нэгдүгээр сараас энэ ажилдаа орсон. Галт зэвсгийн хуулийн шинэ төсөлд санал өгснөөр ажил маань эхэлсэн дээ. Бас манай холбооны Ерөнхийлөгч Э.МөнхОчирын санаачлан эхлүүсэн олон улсын жишигт хүрсэн буудлагын тир байгуулах ажилд ороод байна.
Энэ жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаагаа буудлага спортыг орон нутагт суртчилан таниулах зорилгоор Дархан-Уул аймагт зохион байгууллаа.
Дархан-Уул аймгийн Засаг дарга болон аймгийн спорт хороо, цагдаагийн байгууллага, 330-р ангийн хамт олны хүчээр тэмцээн сайхан болсон. Тэмцээний дараа “Бид чадлаа шүү” гэсэн урмын үг сонсох сайхан байлаа.
Учир нь буудлагын тэмцээнийг тусгай зориулалтын байранд бус явуулын тир барьж, бүгдийг нь өөрсдөө хийсэн.
-Буудлагын гурван тамирчин “Рио-2016” олимпод оролцох эрхээ авчихлаа. Одоо эрх авах хэдэн тэмцээн үлдсэн бэ. Энэ тоог нэмэх найдлага бий юү?
-Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа Монголын тамирчдаасаа хамгийн түрүүнд 2016 оны олимпод оролцох эрхээ авсан.
Энэ оны тавдугаар сард АНУ-д болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнээс хийн урт бууны эмэгтэйчүүдийн төрөлд 10 метрийн дасгалд Г.Нандинзаяа маань IV байрт шалгарч, олимпийн эрхээ өвөртөллөө.
Мөн Үндэсний шигшээ багийн тамирчин, спортын мастер З.Ганбаатар Паралимпт оролцох эрхээ аваад байна. Одоо олимпийн эрх авах боломжтой хоёр тэмцээн үлдсэн. Нэг сэрэхэд л олимп болчихно. Жилийн хугацаа гэдэг богино шүү дээ.
Буу, сум, бэлтгэл хийх нөхцөл бололцоог сайжруулах, гадаадын багтай хамтран бэлтгэл хийх зэрэг олон ажил байна.
-Ингэхэд буудлагын тамирчин яаж яваад замын цагдаа болов оо?
-2008 оны Улсын спартакиадын өмнө “Хүч” спорт хорооноос санал тавьснаар Замын цагдаагийн газарт ажилласан. Замын цагдаад зохицуулагчаас нь эхлээд таван жил ажиллалаа.
Их хотын замын хөдөлгөөнд цагдаа зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай юм билээ. Хүйтэнд хөрч, халуунд халдаг хүнд хөдөлмөр юм шүү.
-Замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрчих үе хэр байдаг вэ?
-Дүрэм зөрчөөгүй гэж худлаа хэлээд яах вэ. Гэхдээ өөрөө дүрэм зохицуулж байгаа хүн чинь алдаа гаргаж болохгүй гэж боддог.
-Урт буучдын амжилт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Олимпоос юм дуулгах болов уу?
-1990 ээд оны үед буудлагын спортын тамирчдын тоо нэлээд цөөрсөн. Урт бууны тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнээс багаараа мөнгө авч, 2000 оны Сиднейн олимпод оролцсоноос хойш урт бууны төрөл сэргэсэн гэж хэлж болно.
1990 ээд онд Улсын аварга шалгаруулах тэмцээнд нэг төрөлд 10 хүрэхгүй тамирчин оролцдог байсан бол одоо 50 гаруй хүн оролцож байна.
2000, 2008, 2012 оны олимпийн наадамд урт бууныхан амжилттай оролцсон. Гар буучид маань үнэхээр агуу амжилтууд гаргасан шүү.
-Буудлагын спорт нэлээд хөрөнгө мөнгө зарцуулдаг спортын нэг. Үндэсний шигшээ баг байгуулагдсанаар улсаас энэ бүх зардлыг даадаг болсон. Тиймээс бэлтгэл сургуулилтаа сайн хийж байгаа юу?
-Хүн сонирхсон зүйлдээ тодорхой хэмжээний мөнгө зардаг. Аав ээж, ах дүүгээсээ авсан мөнгөөрөө бэлтгэлээ хийгээд болдог л байлаа. Сонгосон спорт нь техник хэрэгсэл хэрэглэдэг бол мэдээж мөнгө зарцуулах нь ойлгомжтой.
Байтынхан сумаа харвачихаад эргүүлж аваад хэд хэд харваж болно. Манайхан бол буудсан сумаа дахин хэрэглэх боломжгүй байдаг болохоор л бусдаас арай их мөнгө зарцуулдаг юм.
Улсын шигшээ баг байгуулагдсанаас хойш улсаас тэмцээн уралдааны зардал, сумны хангалт, цалинг тодорхой хэдхэн тамирчинд олгож байгаа.
-Үндэсний шигшээгийн тамирчид аль улсын, ямар фермийн буу хэрэглэж байгаа вэ?
-ХБНГУ-ын вальтер, аншютц, файнверкбау, Швейцарын стеэр, Италийн пардини зэрэг буу хэрэглэж байна.
-Солонгосын Чанвон хотод болсон тэмцээний үеэр О.Гүндэгмаа гавьяатын буу хоёр удаа гацсан. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Буу гацах бол гар буучдын хувьд байнга гардаг саатал. Гэхдээ манай хүн медаль авсан.
-Тамирчид өөрсдөө буугаа тохируулдаг юм уу. Эсвэл өөр хүн тохируулж өгдөг үү?
-Багш шавь хоёр бууныхаа тохиргоог хийдэг. Урт бууны хувьд гохны хүндийн жин, оосрын урт гээд маш олон тохиргоо хийнэ.
Олон жилийн бэлтгэлийн үр дүнд хамгийн оновчтой аргыг сонгон авч хэрэгжүүлдэг. Гар бууны хувьд бариулаа тохируулах гэж том ажил бий. Буугаа байнга угсраатай байлгахгүй шүү дээ. Салгаж, угсарч цэвэрлэдэг.
-Буудахаас гадна та ямар хообийтой вэ. Амралтын өдрөөр юу хийдэг вэ?
-Загасчлах, аялах хообийтой. Чөлөөт цагаараа болж өгвөл Монгол орныхоо байгалийн сайхнаар аялах дуртай.
Төрсөн нутагтаа очих хамгийн сайхан. Гэхдээ миний амьдралыг буудлагын спортгүйгээр төсөөлөх аргагүй.
Ч.БОЛОРТУЯА