Охид, бүсгүйчүүд нэгэн дуугаар “Дур булаам” хэмээн тодорхойлдог жүжигчин бол Чанин Татум. 2012 онд “People”, 2013 онд “Glamour” сэтгүүлээс явуулсан судалгаагаар уншигчид түүнийг “Хамгийн дур булаам залуу”-гаар тодруулжээ. Ийм тодотголыг өөрөө хүссэн юм биш. Тэрбээр нэгэнтээ “Дур булаам харагдах гэж хичээх нь хиймэл, бүр инээдэмтэй” хэмээсэн. Бүсгүйчүүд түүнийг дур булаам гэх нүдээр хардаг бол найруулагчид харин “тулаанч” хэмээн үнэлдэг. Үнэхээр ч Татум кун-фу болон цэргийн тулааны урлагийн бүстэй, хөлбөмбөг, бэйсболл, америк хөлбөмбөгөөр хичээллэдэг тул тулаантай киноны гол дүрд зориулагдсан гэхэд хилсдэхгүй.
Тэр хүмүүсийг нохой шиг сэтгэл хөдлөлийнх нь илэрхийлэл болсон сүүлтэй байсан ч болоосой хэмээн боддог. Түүгээр барахгүй Татумд үл үзэгдэгч найз бий. Бялуу, шар айраг, бурбон дарсанд дуртай ч төдийлэн шунадаггүй хэмээн өөрийгөө тодорхойлсон удаатай. Зураг зурж, баримал хийх бүтээлч хообийтой. Хамгийн чухал нь тэрбээр өөрийгөө “Холливудад цахиур хагалсан түүх бүтээхээр зүтгэж явна” хэмээжээ. Дараагийн амжилтын алхам юу байх бол хэмээн зогсолтгүй эрэлхийлж явдаг нь түүний давуу тал юм. Тиймээс ч Холливудад цахиур хагалах түүх бүтээнэ гэдэг нь дэгсдүүлсэн үг биш. “Step up”, “G.I. Joe: The Rise of Cobra” зэрэг кинонд бүжигчний ур чадвар, тулааны урлаг сайн эзэмшсэнээ төдийгүй жүжиглэх авьяастай гэдгээ батлаад амжсан түүний нэр хүнд гэрлийн хурдаар л өссөн. Дур булаам, авьяаслаг, чадвартай... Төгс эрийн бодит биелэл болоод байсан түүний амжилт харамсалтай нь удаан үргэлжилсэнгүй. Цахилгаан шатаар амжилтад хүрсэн карьер нь Нью-Орлеанд хоёр ч шөнө согтуугаар жолоо барьсны улмаас навс унаж, 2012 онд тэр төгс эрээс хэн ч биш болтол уруудсан. Энэ тухайгаа тэрбээр “Тэр үед найруулагч Сэт Роген надад санал тавьж билээ.
Тухайн үед “This is the end” киног хийж байсан юм. Тэр над руу залгаад олны хэсэгт тоглох санал тавьсан. Тэр бүр “Дэнни МакБрайдын секс боолын дүрд мексик бөхийн баг зүүж тоглоно” гэсэн. Миний сонссон хамгийн таагүй санаа тэр байсан” хэмээн дурссан байдаг. Гэхдээ түүний энэ уналт удаан үргэлжлээгүйг бид мэднэ. Яг л тарган жаахан хүү дэлгүүрт ороод юу авахаа шийдэж ядсан мэт байдалд орчихсон үедээ тэр дотор хүнтэйгээ ярилцаж өөрийгөө чиглүүлдэг гэнэ. “White House Down”, “Foxcatcher”, “Jupiter Ascending”, “22 Jump Street” гэх дөрв өн кинонд тоглох санал ээлж дараалан ирэхэд сонголт хийж чадалгүй эргэлзжээ. Дөрвүүлэнд нь тоглох хүсэлтэй ч, ар араасаа хөврөх томоохон төслүүдийн ард гарч чадах уу гэсэн айдас бас зэрэгцсэн байна. Харин дотор хүн нь “Энэ их ажил чамайг ядраах хэдий ч, ядарснаас болж үхсэн хүн байдаггүй” гэж шивнэснээр тэрбээр шийдвэрээ гаргаж, дээрх кинонуудад тоглосон гэдэг. “Jupiter Ascending” киноны зураг авч байх үеэр эхнэр нь нярайлж, баяр дээр баяр нэмлээ. Гэр бүлийн эл томоохон өөрчлөлт нь түүнийг ажлаасаа түр хөндийрөхөд хүргэсэн байна.
Бага насаа өвөө эмээгийнхээ дэргэд өнгөрүүлсэн тэрбээр хөлбөмбөгөөр хичээллэж, бүр мэргэжлийн тамирчин болохоор Виржиниагийн биеийн тамирын коллежид орсон ч, удалгүй сургуулиа орхисон байна. Их спортоос урлагт урвасан шалтгаанаа тэрбээр “Хэдэн мянга байх нь хамаагүй хүссэн бүр бие биенээ үгүйсгэлгүйгээр зөвхөн зорилгынхоо төлөө тэмцэхэд л үр дүнг нь амсаж чаддаг учир би шоу бизнесийн ертөнцийг хүндэлдэг” хэмээн тайлбарлажээ. “Magic Mike” кинонд хамт тоглосон жүжигчин Мэттью Макконахи түүнийг “Тэр дараагийн шалгуураа, дараагийн боломжийг үргэлж отож байдаг. Тэр таны цүнхийг уудлахгүйгээр хэтэвч чинь хаана байгааг хэлж чадах тийм л хүн” хэмээн тодорхойлсон. Тэд хамтран тоглосон “Magic Mike” кино Боксоффист чамлахааргүй амжилт үзүүлсэн. 167 сая ам.долларын ашиг олсноос Татум 40 саяыг нь халаасалсан хэмээн эх сурвалжууд мэдээлдэг. Харин үүнийг Татум эрс эсэргүүцэж “Тэдний бичиж, ярьж байгаа нь бүгд худал. Кино бизнесийн талаарх цахим ертөнц дэх мэдээлэл үнэний ортой байх нь ховор ” гэжээ. Гэхдээ л түүний орлого хэдэн сая доллараар хэмжигдэнэ гэдгийг “Форбес” сэтгүүл баталсан.
2012 оны зургадугаар сараас хойш нэг жилийн хугацаанд Татум 60 сая “ногоон” олсон хэмээн тус сэтгүүл мэдээлсэн. Үүнийг харин тэр эсэргүүцээгүй ч, их гэж тооцоогүй. Энэ тухайд тэрбээр “Би өөрийгөө их орлого олдог гэж хэлэхгүй. Би 40 сая долларын ашиг олсон ч, түүнээс ч илүүг олж болох байсныг хэн ч тааж мэдэхгүй. Тиймээс их, бага гэж дүгнэх нь харьцангуй юм. Би ажил их байна гэж татгалзахаасаа илүүтэй найз нөхөд, гэр бүлийнхнээсээ хол байх дургүйгээс зарим саналд үгүй гэж хариулдаг” гэжээ. Түүний талаар хэл загатнуулсан бас нэгэн асуулт бол онцгой содон нэр нь. Харамсалтай нь, түүнд өгөх оновчтой хариултыг тэрбээр өнөө хэр олоогүй л байна. Тэр ч байтугай тэрбээр олон жилийн турш өөрийн нэрээ хүлээн зөвшөөрөхгүй явсан гэдэг. Тиймээс өөрийгөө Чан хэмээн дуудуулахыг хүсдэг байсан тул ээж нь өдгөө Чанимал хэмээн дууддаг байна. Бяцхан Татум гуравдугаар анги хүртлээ үл үзэгдэгч найзтай байж. Бой хэмээн нэрлэсэн найздаа хоол идэх үеэр тусгайлан суудал бэлдэнэ.
Хэн нэгэн тэр суудалд дөхөхөд эзэнтэй хэмээн сануулдаг байжээ. Түүний хамгийн дуртай нэвтрүүлэг нь илүүдэл жинтэй хүмүүсийн талаарх “The Biggest Loser”. Яагаад эл нэвтрүүлэгт дурлах болсон шалтгаан нь сонирхолтой. Аав нь нэгэнтээ 168 кг хүрч байсан учир тэр хэт таргалалттай хүмүүсийн асуудалд анхаарал хандуулдаг. Тэр ч бүү хэл өөрийгөө “Би дотоод ертөнцдөө бол тарган жаал” гэж байжээ. Хэрэв тэр спортод хорхойсдоггүй байсан бол аав шигээ тарган байх байсан биз. Шарсан төмс, шар айраг, пицца, бургер гээд таргалуулахаас өөр ид шидгүй хэмээн цааргалдаг хүнсэнд дурладаг. Аав болж ажлаа хойш тавихдаа мэдэгдэхүйц жин нэмсэн ч “Би тарган гэхдээ хамгийн аз жаргалтай аав” гэж биеийн жиндээ сэтгэл хангалуун байгаагаа дурдаж байсан. 2012 онд дэлгэцнээ гарсан “Magic Mike” киног Чанины амьдралаас сэдэвлэн бүтээсэн гэдгийг та мэдэх үү.
18 насандаа Америкийн Тампа хотноо тайчигчаар ажиллаж байсан тэрбээр тайчигчдын гэрээний асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахыг хүссэнээр Стивен Содербергтэй хамтран ажиллажээ. Хар тамхи, архинд донтсон харанхуй ертөнцийн түүхийг өгүүлэхийн зэрэгцээ тайчигчдын гэрээний ард ямар үнэн байдгийг өгүүлэхийг хүссэн ч, найруулагч Содерберг “Энэ бол тусдаа кино хийхээр том бөгөөд хүнд сэдэв” болохыг анхааруулснаар “Magic Mike”-т энэ талаар цухас дурдаад л өнгөрчээ. Тайчигчаар ажиллаж байсан тухайгаа тэрбээр “Тайчигчаар ажиллахад мөнгө сайн олохын хэрээр аюул тойрон хүрээлж байдаг. Хүүхнүүдээр хүрээлүүлж мөнгө, зугаа цэнгэлд хахсан 19-хөн настай залуу хөл алдахад амархан. Би харин тун азтай. Хэнийг ч жирэмсэн болгоогүй, хар тамхинд ч донтоогүй.
Гэхдээ хамт ажиллаж байсан хүмүүс минь одоо тийм ажил хийж байсан гэхэд итгэмээргүй амжилттай яваа. Тэд өнөөдөр өмгөөлөгч, бизнесмэн, барилгачин гээд салбар салбарт ажиллаж байна” хэмээн ярьжээ. Сүүлийн жилүүдэд Содерберг, Татум хоёр гар нийлж хамтран ажиллах болсон. Тиймээс Татумын талаарх найруулагчийн бодлыг сонсох нь зүйтэй. Тэрбээр “Чанины талаарх хүмүүсийн бодол эрс өөрчлөгдсөн. Тэд таван жилийн өмнөхөөс огт өөр өнцгөөс түүнийг харах болсон. Одоо бол тэр дээд зэрэглэлийн жүжигчдийн эгнээнд багтсан гэж би дүгнэдэг” гэжээ.