1 “Вьетнамд Ази-Номхон далайн орнуудын яруу найргийн II их наадам болох тухай сонсоод инээд хүрээд болсонгүй. Очиж очиж Вьетнамд шүү. Вьетнам хэлээр шүлэг дуудан уншина гэхээр санаанд нэг л буухгүй байсан юм. Хуучны нэг онигоо байдаг даа. Вьетнамд хүүхэд төрөөд, эцэг эх нь нэр өгөхдөө түмпэн, шанагаа газар унаган, түн гэж дуугарвал “Түн”, тан гэвэл “Тан” гэдэг нэр хайрладаг гэж. Энэ ч үнэн болохыг тэндхийн англи хэл сурч байгаа (бидэнд хөтөч хийж үйлчилсэн) оюутнуудад англи хэлээр хэвлэгдсэн номон дээрээ гарын үсэг зурж бэлэглэхдээ мэдсэн юм. -Нэр чинь хэн бэ? -Түн, эсвэл Тан. Бас Хан, Ян... гэх мэт. Вьетнамд үнэхээр Ази-Номхон далайн орнуудын яруу найргийн II их наадам гуравдугаар сарын 1-7-нд болдог л юм байна. Бүр их наадамд оролцсон 43 орны 150 гаруй яруу найрагчийн шүлгийг тайзнаа вьетнам хэлээр чанга дуугаар уншиж болдог ажээ. Мөнөөх аялгуу сайхан монгол хэлт, агуу баялаг түүх цадигтай улс орны маань дэргэд 43 орны яруу найрагчдыг цуглуулж, ард түмэндээ бүтэн долоо хоног яруу найраг сонсгон, Ерөнхийлөгч нь ордондоо олон улсын 150 найрагчийг тусгайлан хүлээн авч байдаг Вьетнам улс агуу ч юм шиг.
2 Монгол хэлнээ Вьетнамын алдарт найрагч То Хыугийн шүлгийн номыг өөрийн шавь, Монголын ганц вьетнам судлаач Дашцэвэгтэй хамтран орчуулсан, ардын уран зохиолч Т.Галсан абугай, МЗЭ-ийн гадаад харилцаа, цахим орчныг хариуцсан ажилтан, орчуулагч, яруу найрагч Г.Дэлгэрмаа, Ховд аймгийн Мөнххайрхан сумандаа ажиллаж, амьдран, зохиол бүтээлээ туурвигч МЗЭ-ийн шагналт яруу найрагч С.Бүрнээ, Монголын хүүхдийн ордны захирал, яруу найрагч П.Анхтуяа гэсэн бүрэлдэх үүнтэй “Гарын 5 хуруу” баг хоёрдугаар сарын 28-ны орой Ханой хотын Но-бэй нисэх онгоцны буудалд хөл тавьжухуй.
3 Ханойд нэмэх 25 хэм. Вьетнамчууд малгай толгойгоо бүчилж, үс ноостой, аль зузаан дулаан хувцсаа давхарлан өмсчээ. Тэдний хувьд өдийд бороотой зэврүүн, жихүүн өвлийн улирал нь юм байна. Харин мань мэт шиг хасах 20 хэмийн хүйтнээс очсон улсад манан хөллөснөөс цаашгүй бүрхэг, бүгчим зун л гэсэн үг. Ямар сайндаа зуны цамц, богино өмднөөс салалгүй явсаар ирэх вэ дээ. Хасах 30 хэмээс очсон Саха-Якутын шүлэгчид харин сав л хийвэл бидний буудалласан Вьетнамын Батлан хамгаалах яамны “Зэвсэгт хүчин” буудлын усан сангаас салахгүй байсан юм.
4 Өглөө 7.00 цагт зочид буудлын зоогийн газарт цай ундаа барьснаар шинэ өдрийг угтах аж. Орой 23.00 хүртэл элдэв уулзалт, хурал зөвлөлгөөн, үзвэр, хүлээн авалтыг нягт сайнаар төлөвлөжээ. Бүтэн долоо хоногийн турш шүү дээ. Гээд яахав. 43 орны зохиолчдын байгууллагатай ямар нэг байдлаар холбоо тогтоох сайхан боломж энд л байна. ОХУ-ын Зохиолчдын хорооны гадаад харилцааны хэлтсийн дарга Олег Бабыкин нэгэнтээ надад “Наад вьетнамчууд чинь хятадуудтай эв түнжин тааруу байгаа. Монголчуудтай харилцах хүсэл их байна” гэж хэлсэн бүлгээ.
5 Вьетнамын уран зохиолын III чуулган, Ази-Номхон далайн орнуудын яруу найргийн II их наадмын хүндэт зочид гуравдугаар сарын 1-ний шөнө дүл болтол орон орноос цугларч, албан бус оройн зоог бариад, 2-нд нь хоёронтаа нээлт хийв. Өглөө нь Вьетнам улсын Соёлын нөхөрлөлийн ордон буюу манайхаар СТӨ-нд Вьетнамын утга зохиолын III чуулган болж, 43 орны хүндэт төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс тус бүр нэгийг нь сонгон, улс орнуудын төрийн далбааг ирийтэл жагсаасан индэрт залан суулгав. Монголоо төлөөлж эрхэм яруу найрагч Сүрэнгийн Бүрнээ хүндэт индэрт гарсан билээ. Орой нь Ханой хотын Дуурийн ордонд их наадмын албан ёсны нээлт болж, ардын уран зохиолч Т.Галсан абугай тайзнаа Монгол хэмээх нэрийг дуудуулан гарвай. Эзэн Чингис хааны нэрийг дурдах төдийд зөгийний үүр шиг дүнгэнэлдсэн их театрын танхим нам гүм болж, “Өгсүүр замын дуу” хэмээх шүлгээ дуудахуйд, алга ташилт нижигнэх нь бахтай. Ханой хотноо Оросын уран зохиолын музейг байгуулсан орчуулагч Толя хэмээх вьетнам нөхөр эл шүлгийг вьетнамаар дуудаж, орчуулагч Г.Дэлгэрмаа англи хэлээр уншин эрхэм зочдод сонсгов. Ийм маягаар 43 орны 150 яруу найрагчид шүлэг зохиолоо уншваас хэдэн өдөр ч багадах тул төлөөлүүлэн уншуулсан нь тэр буюу.
6 Мөн өдөр Вьетнамын уран зохиолын музейд зочилвой. Ханой хотод долоон сая хүн аж төрдөг, чигжүү барилгатай, шигүү суурьшилтай газар юм. Гэхдээ л хотынхоо төв хавьцаа газарт дөрвөн давхар том барилга тусгайлан барьж, утга зохиолынхоо үүх түүхийг үзэгчдэд толилуулжээ. Гэрэлт бамбар байрлуулсан баганат танхимаас эхлэх уг музейд уран зохиолын эртний түүхийг үзүүлэхдээ домог болсон найрагчийн дүр, багш шавийн бичиг үсэг зааж буй байдлыг биетээр урлан, бийр янтай тэргүүтэн эртний сурвалжит үзмэрүүдийн ихэнхийг дуурайлган үйлдэж, үзмэр болгосон байх бөгөөд дөрвөн давхар том барилгын ихэнхийг XX зууны голдуу ном, хэвлэмлийг жаазлан дүүргэжээ. Манайх шиг эртний их түүх, аман уламжлалтай, арван хэдэн бичиг үсэг зохиож хэрэглэсэн бичгийн соёлтой улс бол ийм сайхан том савыг ёстой хахтал нь нь дүүргэж, ангайтал нь гайхуулна даа, үгүй ядаж ийм чинээний музей босгоё гэвэл нэг зохиолчийн номын сангаар ч хийчихэд болохгүй юмгүй хэмээн бодож явлаа.
7 Хаа газарт болсон яруу найргийн элдэв уншлагад Монголоос Мэнд-Ооёо, Хадаа, Цэндцоо хэмээх хүмүүсийн нэр тасралтгүй дуулддаг. Вьетнамд ч мөн адил. 43 орны 150 гаруй яруу найрагчийн зураг хөргийг нэр устай нь Уран зохиолын сүмийн хана дагуу байрлуулсан самбарт төрийн далбаатай нь цуг залахад мөнөөх Хадаа гуайн зураг С.Бүрнээ найрагчийн оронд заларчихаж. Манай багийн найрагчийн нэр, зураг алга болоод, оронд нь түүнийх залаастай байгаагийн учрыг асуухад вьетнамчууд тодорхой хариу хэлсэнгүй. Таван хүнийхээ танилцуулгыг бөөнд нь явуулсан байхад яахаараа нэгнийхийг нь хасаад, дунд нь өөр нөхөр зураг хөрөгтэйгөө орчихдогийн учрыг Хадаа нь өөрөө л мэдэж байгаа байх.
8 Вьетнамын Уран зохиолын сүм гэдэг тансаг сайхан газар Ханой хотноо байна. Жуулчид, зочид төлөөлөгчдийг ганц аваачдаг газар юм даг уу даа. Бэлэг дурсгалын дэлгүүр, энэ тэр ч олон юм. тэрхүү Уран зохиолын сүмийн хана туургаар дүүрэн сонгодог шүлгүүдийн мөр шадыг шигтгэн урлажээ. Чухам энэ сүмд л урд хойно нь оруулан хоёр тайз засаж, яруу найрагчид зэрэг зэрэг шүлгээ уншицгаав. Үзэгчид хоёр хуваагдан орж гарч, аль орны шүлэг сонсохоо тусгай самбарт байрлуулсан хуваариас харах аж. Хуваарийн дагуу С.Бүрнээ найрагч бидэн хоёрдугаар тайзан дээр шүлгээ дуудаж, Монгол шүлэгчид ямар гал цогтой шүлэг уншидгийг үлгэрлэн харуулж, унтаа уйтгартай уншлагыг амь оруулав гэвэл онгирсон болох байх даа. Бидний уншлагын дараа АНУ-ын яруу найрагч, зохиолч Ларри Хэйнэман хэмээх мөрөө давсан урт цагаан үстэй, сахал үсэндээ баригдсан нөхөр шүлгээ уншив. Хэйнэман гуай анх 1967 онд Вьетнамд анх ирж байлдаж явжээ. Тэр танкчин байж. Дараа нь 1990 онд зохиолчийн хувиар энд уригдан ирж байсан гэнэ. Дашрамд сонирхуулахад, Вьетнамын зохиолчдын хорооны дарга Хыу Тинь найрагч бас танкчин байсан бөгөөд тэртээ 1967 онд энэ хоёр маань өөд өөдөөсөө танкийн шагайвчаар онилж, байлдаж явсан гэж байгаа. Өдөржин шүлэг уншиж, тайзнаа бужигнасан яруу найрагчид орой нь Ерөнхийлөгчийн ордонд морилж, Ерөнхийлөгч Чён Тан Шаньд бараалхан, уран зохиолын тухай яриа өрнүүлж, дурсгалын зураг татуулцгаав.
9 Вьетнам ч үндсэрхэг үзэл нь дэндсэн газар юм байна. Жирийн оюутнаас эхлээд зах зээлийн газар наймаа үсэргэх эмгэн хүртэл хятадуудыг үзэн яддаг гэнэ. Харин Монгол гэхээр андахгүй, Вьетнам, Америкийн дайн, Хятадтай хийсэн дайны үед манайхныг их тусалж байсан гээд сүйд. Хойд Солонгост явж байгаад захын цайны газарт ороход л “Дайны үед идэж байсан монгол адууны мах мөн ч амттай байсан үү” гээд дотночилж байсан нь Ханой хотноо санаанд оров. Энэ жилийн яруу найргийн наадамд Бээжингийн зохиолчдын хорооноос дөрвөн найрагч, Юннаний зохиолчдын хорооноос найман хүн ирсэн байна. Тэднийг шүлэг зохиолоо унших болоход Вьетнамын хэд хэдэн найрагч “Хятадууд гэртээ харь” хэмээн хашхиралдаад сүйд хийх дөхөв. Хятадууд нь ч хашрахгүй улс юм. Тайзан дээр аль нэг орны зохиолч төрөлх хэлээрээ шүлгээ хэлж дуусав уу, үгүй юу тэд өөрсдийн орчуулагчаа дагуулан гарч ирээд, эхлээд хятадаар, дараа нь англиар, тэгээд вьетнамаар орчуулуулан бүтээлээ уншуулж цаг идэх нь үнэхээр ч яршигтай санагдаж байв.
10 Наадмын дараагийн нэгэн өдөр биднийг Вьетнамын нэрийн хуудас болсон Халонь бэй хэмээх амралт зугаацлын оронд аваачив. “Аватар” кинонд гардаг “нисдэг уулнууд” мөн дүрээрээ манан хөллөсөн далайд дүнхийнэ. Т.Галсан гуай талд тэмээ хариулж явсан хүн гэсэндээ өнөөх далайн гадаргаас овон товон, гозойн шовойн бүртийлдэх хясаа цохиодыг хараад “Чулуун тэмээд” хэмээсэн нь монгол хүний сэтгэлд аргагүй л буух юм. Харин вьетнамчуудын хувьд талд бэлчих мал сүрэг гэж мэдэхгүй улс хойно, далайн мандалд бөөр нийлүүлэн тогтсон хоёр хөөрхөн хадыг “Азарган тахиа”, “Эм тахиа” хэмээн өхөөрдөн нэрлэсэн нь тэдэндээ л бас оносон хэрэг бололтой. “Аватар” гэснээс уг киноны нэлээд хэсгийн зургийг энд авснаас гадна нэгэн том хадан хясааны доторх хүнхэр агуйд алдарт “Жеймс Бонд” цувралын зургийг авч байжээ.
11 Энэ наадмын үеэр Ази, Африкийн зохиолчдын холбоо хэмээх хуучны байгууллага эргэн амилж, үйл ажиллагаагаа сэргээж байгаагаа дуулгав. Социализмын үед хөгжиж буй орнуудад тус байгууллагын хурал ээлж дараалан болж, “Лотус” буюу “Бадам” гэдэг сэтгүүл эрхлэн гаргадаг байсныг тухайн үеийн “Утга зохиол, урлаг” сониноос уншиж байсан санагдана. Одоо энэ холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Мухамед Салмави гэдэг Египетийн зохиолч ажиллаж байгаа юм байна. Ирэх зургадугаар сард Йорданд тус холбооны зохион байгуулалтын хурал болох бөгөөд Колумб, Куба, Монгол Улсын зохиолчдын байгууллагууд гишүүнээр элсэх болсныг баяртайгаар дуулгалаа. Ингэснээр тус холбоо нь зөвхөн Ази, Африк бус Латин Америкийн зохиолчдын байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн холбоо болж өргөжиж байгаа аж. Тэд Мөн ирэх арванхоёрдугаар сард Каир хотноо хуралдан, үйл ажиллагааныхаа чиглэл, дүрэм журмыг нарийвчлан батлах ба “Бадам” сэтгүүлийг англи, араб, испани, франц хэлээр хэвлэж, дахин өлгийдөх баярт мөчийг тэмдэглэх гэнэ. Энэ олон улсын сэтгүүлд өмнө нь Монголын зохиолчдын бүтээлүүд хэвлэгдэж, бүр “Оны шилдэг Лотус” шагналыг хүртэж байсныг нөхөр Бабыкин бидэнд сануулсныг дурдах юун.
12 Ази-Номхон далайн орнуудын яруу найргийн II наадмын сүүлчийн өдөр. Нийт оролцогч Вьетнамын их яруу найрагч Ца Чин Кватын төрж өссөн тосгонд очиж, найрагчийн гэрдурсгалын цогцолборт зочлов. Энэ найрагчийн авьяас унаган багаас нь тодорч, хааны ордонд уригдсан ч эсэргүү шүлэг бичин цөлөгдөөд, уран яруу шүлгийнхээ хүчээр дахин хааны дэргэд ирж, “Найргийн хаан” хэмээн өргөмжлөгдөж явахдаа ард олных нь амьдрал тэсэхүйеэ бэрх байгааг харж, зүрх шимшрэн, тариачны бослогыг удирдан тулалдаж яваад амь үрэгдсэн ажээ. Харин хаан эсэргүү найрагчийн гэр бүлийг гурван үеэр нь хүйс тэмтэрч, шүлэг зохиолыг нь устгасан ч, шадар нөхөд, ард олны дунд 1000 гаруй шүлэг нь үлдэж, ам дамжиж хоцорсон гэх. Бороо уйлагнасан өдөр эл дурсгалын сүмд орон орны яруу найрагчид хүж уугиулан ёслол үйлдээд, яруу найргийн уншлагаа үргэлжлүүллээ. Мөн энэ үеэр Ца Чин Кватын нэрэмжит шагналыг Вьетнамын нэгэн зохиолчид гардуулах хүндэт ёслол болжухуй.
13 Ийнхүү улс орондоо нэр цуутай олон найрагч нэгэн дор цуглаж байхуйд улс орны Элчин сайдын яамныхан өөр өөрийн үгийн урлаачдадаа хүндэтгэл үзүүлэн, залж авч одохыг олонтаа харав. Ингэхэд манай багт ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан абугай маань яваа. Мань хүн үзсэн туулсан, уншсан туурвиснаараа төдийгүй 83-ыг давсан нас сүүдэр, намба сүрээрээ ч энэ олон улсын наадамд аргагүй хүндлэгдсэн болой. Гэтэл улсын маань элчин байдаггүй дээ. Уг нь бид очсон даруйдаа элчин рүүгээ утас цохиж мэдэгдсэн юм. Хүйтэн жавраас халуун агаарт очсон Галсан абугайн маань бие чийг баманд яльгүй чилээрхэж, элчин яамандаа хандахаас аргагүйд хүрсэн ч, харин өнөөдүүлээсээ “Гадаадынхан үзүүлдэг эмнэлэгт хандахгүй юу!” гэдэг үгээр ам руугаа нэг алгадууллаа.
14 Бүтэн долоо хоног үргэлжилсэн наадам яруу найргийн уншлагаар өндөрлөв. Саха-Якутын найрагчид монголчуудыг энэ оны аравдугаар сард болох Олон улсын яруу найргийн наадамдаа урив. Мөн Р.Гамзатовын гарын шавь, тус улсын Ардын уран зохиолч, зохиолчдын хорооны дарга Магомед Ахметов арваннэгдүгээр сард Дагестаны Махачкала хотод болох “Цагаан тогоруус” наадамдаа урьж байна. Колумбын найрагч, Меделлиний олон улсын яруу найргийн наадмын захирал Фернандо Рендон бас биднийг Колумб улсад долдугаар сард болох Дэлхийн яруу найргийн чуулга уулзалтад урив. Японд болох яруу найргийн наадамд МЗЭ-ийн төлөөлөгчдийг оролцуулах албан урилгаа араас илгээнэ гэдгээ тэдний төлөөлөл амласан юм. Түүнчлэн ирэх оны тавдугаар сард Кубад болох олон улсын яруу найргийн наадамд монголчуудыг мөн л урьж байна. Гадаадынхан Монголын уран зохиолыг орчуулж, хөрвүүлж хэвлэе, нийтэлье гэнэ. МЗЭ-ийн гишүүн зохиолчид минь, Б.Явуухулан найрагч нэгэнтээ “Хүлэг минь, шүлэг минь, чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэж хэлсэн шүү дээ. Урагшаа!