Америк бүсгүй Женна Ли Томпсон Тайландаас Англи хүртэл 10 мянган км замыг унадаг дугуйгаар ганцаараа туулжээ. Энхтайвны корпусын шугамаар Бүгд найрамдах Гамби улсад ажиллаж байгаад Тайландад гурван жил англи хэлний багш хийсэн тэрбээр буцах замдаа өөрийгөө сорихоор шийдэж, ийм зориг гаргасан юм байна. 2011 оны тавдугаар сараас эхлэн Тайланд, Лаос, Төвд, Хятад, Монгол, Орос, Финланд, Швед, Дани, Белгиэр дамжин найман сар аялсан юм билээ. Энэ удаа Сүхбаатар, Хэнтий аймгийн дунд сургуулийн англи хэлний багш нарт сургалт зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд Женнаг Монголд дахин ирээд байхад нь уулзаж, ярилцлаа.
-Ийм хол замыг эмэгтэй хүн ганцаараа, дугуйгаар туулах шийдвэр гаргахад юу нөлөөлсөн бэ?
-Аяллаа эхлүүлэхээс өмнө “Яагаад унадаг дугуйгаар Тайландаас Англи хүртэл явах ёстой вэ” гэж өөрөөсөө бараг 100 удаа асуусан. Инээдтэй ч гэсэн, миний эхний хариулт их энгийн. Би зүгээр л адал явдал хайсан. Хоёрдугаарт, эрх чөлөө мэдрэхийг хүссэн юм. Зөвхөн өөрийнхөө хүч хөдөлмөрөөр юу хийж чадахаа мэдмээр санагдсан. Би хэр хол явахаа мэдэхгүй байсан ч сэтгэл зүй, биеэ сорьмоор байсан хэрэг. Ингэхийн тулд спортын янз бүрийн тэмцээнд оролцож болох ч тийм зүйлд би дургүй. Хүссэн үедээ зогсож, дуртай газраараа явмаар байсан юм. Би өдөр бүр “амьдрахыг” хүссэн.
-Азиас Европ хүртэл аялахдаа өрнө, дорныхны ялгааг олж харсан биз?
-Хаана ч очсон нутгийн иргэд намайг халуун дулаан сэтгэлээр угтсан нь олон үндэстний ижил тал байлаа. Мэдээж хоол, ёс заншлын хувьд хоорондоо эрс ялгаатай. Тухайлбал, зөвхөн Монгол, Төвдөд л хийморийн овоо харж болно. Тэр дундаа нүүдэлчдийн амьдрал бусдаас өвөрмөц санагдсан. Хүссэн газраа майхнаа зоогоод амьдарч болохоор эрх чөлөөг зөвхөн Монголд мэдэрсэн.
-Ийм урт зам туулахад таныг юу зоригжуулсан бэ?
-Би Монголд л хамгийн их ганцаардсан. Хамгийн үзэсгэлэнтэй хэрнээ хамгийн хэцүү газар. Хүн ам сийрэг учир суурингууд хоорондоо хол зайтай, хаана, хэн байгаа нь мэдэгдэхгүй. Ядаж байхад замын тэмдэглэгээ бараг байхгүй болохоор их хүндрэлтэй байсан. Гэхдээ хэчнээн ганцаардаж, айсан ч явахаас өөр аргагүй шүү дээ. Аялах замдаа Билгээ хэмээх бүсгүйтэй танилцсан. Тэрбээр охиныхоо их сургуулийн сургалтын төлбөрийг төлөхийн тулд БНСУ-д гоймонгийн үйлдвэрт олон улсын иргэдтэй гурван жил ажиллаж англи хэл сурсан юм билээ. Намайг явах гэхэд түүний аав “Энэ чамд айдсаа давахад чинь тусалж, хүч чадал өгч, даарахад чинь дулаацуулна” гээд нэрмэл архи өгсөн.
-Таныг ганцаараа хээр аялж явааг мэдсэн хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?
-Намайг их өрөвдсөн байх. Ганцаараа явааг алсаас хараад энэ эмэгтэй хүнд байдалд оржээ гэж боддог гэсэн. Найзууд чинь хаана байна вэ гэж таарсан хүн бүр асууна. Тэгэхээр нь би “Манай найзууд фэйсбүүктээ байгаа” гэж хариулдаг байлаа.
-Хэнтэй ч, юу ч ярихгүй олон хоног явахаар ихийг бясалгадаг байх.
-Өөрийгөө хэн бэ гэдгийг тэр аяллаа эхлүүлэхээс ч өмнө мэдсэн болохоор шинээр нээх шаардлага байгаагүй. Гэхдээ ингэж аялснаар өөртөө их итгэлтэй болсон. Хүн юуг ч хийж болдог юм байна, би хичээвэл бүхнийг хийж чадах юм байна гэдгийг ойлгосон. Дугуйгаа унаж байхдаа элдвийг л боддог байлаа. Галзуу санагдах байх л даа, гэхдээ бодол дотроо бусадтай ярилцдаг байсан.
-Байгаль танд юу заасан бэ?
-Байгаль үргэлж хождог, маш хурдан өөрчлөгддөг. Ялангуяа Монголын цаг агаар их хувьсамтгай болохоор их хүндрэлтэй, шуурганд их өртсөн.
-Говиор явахад бэрхшээл их тохиолдсон биз?
-Цөл яг эзэнгүй гариг шиг. Дэлхийн хамгийн хатуу ширүүн орчин нь цөл гэдэгтэй санал нийлнэ. Монголын говиор аялахдаа 12 литр ус, газрын самар, жимс, талх, туна, гоймон авч явсан учир ачаа минь их хүнд байлаа. Удалгүй усаа дуусаж, цангаж, халууцахын эрхэнд дотроо ус, зайрмаг бодож явсан. Азаар айлтай тааралдсан. Гэхдээ тэр газарт хүмүүс усыг хэрхэн үнэлдгийг мэдээгүй. Амьнаасаа уйдсан, солиотой хүн л цөлөөр ганцаараа явах боловч говьд нар мандах, жаргахыг харна гэдэг жаргал. Монгол дахь аяллаа дуусгахад бараг зорилгынхоо ихэнхийг биелүүлчих шиг санагдаж, сэтгэл амарсан.
-Ингэж аялах болсныг гэрийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?
-Явахаасаа гурван сарын өмнө ээж, аавдаа дуулгахад “Битгий яваач” гэж ятгахаар Тайландад ирсэн. Аялаж байхдаа тэдэнтэйгээ байнга холбоотой байлаа.
-Одоо л ингээд үхдэг юм байж гэж шантрах үе тохиолдож байв уу?
-Цогцсыг минь олж чадахгүй байх вий гэж ээж их айж байсан гэсэн. Тиймээс би шантрах эрхгүй байлаа. Ядрахаараа зүгээр л майхнаа бариад унтчихна.
-Зэрлэг амьтантай таарсан уу?
-Дэлхийд амьтан ховордсон учир тийм айдас байгаагүй.
-Тэгвэл адал явдал тохиолдсон биз?
-Оросын Алтайн нуруунд байрладаг тосгонд ядарч сульдсан амьтан очиход бороо орж байлаа. Буудал олдохгүй тэвдэж байтал англиар муухан ярьдаг Деннис гэх залуу таарсан. Тэрбээр “Дэн буудал хаана байдгийг мэднэ. Гэхдээ чамд зааж өгөхийн тулд гэр рүүгээ явж дугуйгаа авах хэрэгтэй байна, хамт явъя” гэсэн. Хүний газарт ганц бие эмэгтэй танихгүй эр хүн дагаж яваад эрсдэлд орж болзошгүй байсан ч би зориглоод түүнтэй хамт явсан. Гэрт нь ороход эхнэр нь сайхан хоол хийж, уриалгахан угтсан. Хэрвээ Деннистэй таараагүй байсан бол би аяллаа зогсоох байсан юм. Энэ л миний сэтгэлд хамгийн их хоногшсон явдал юм даа.
-“Хэсэг хугацаанд энд үлдчих юмсан” гэж сэтгэл хоргодсон газар бий юү?
-Би нэг газраа дээд тал нь долоо хонодог байлаа. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд зогсолтгүй л явах ёстой учир үлдэх талаар бодож амжаагүй.
-Аяллын дараа нэг газраа удаан тогтоход хэцүү санагдаж, ийш тийш явах хүсэл дотроос тань хатгаж байв уу. Ямар нэгэн шинэ дадал зуршилтай болсон уу?
-Би оюутан байхаасаа л Энхтайвны корпуст ажиллаж байсан тул сүүлийн 10 жилийн хугацаанд таван улсад амьдарсан. Байнга л нүүдэг болохоор аялал надад нөлөөлөөгүй. Өөрчлөгдсөн юм гэвэл би хоосорч, буцаад эцэг эхийнхээ гэрт амьдардаг болсон (инээв).
-Тэгвэл гэртээ ирж, орондоо хэвтэхдээ юу бодсон бэ?
-Үргэлж л газар унтаж байсан хүн тав тухыг мэдрэх сайхан байсан ч нэг л айдастай байлаа. Гэртээ ирлээ, одоо ажил хайх ёстой гэж бодсон.
-Дахиж ганцаараа аялах уу?
-Аяллаа үргэлжлүүлэх хүсэл байгаа ч хаашаа явахаа төлөвлөөгүй байна. Энэ аяллыг ганцаараа хийсэндээ баярладаг. Аялагчид хамтарснаар ганцаараа аялахын жаргалыг над шиг мэдэрч чадахгүй. Ганцаараа аялах надад лав таалагддаг. Хүмүүстэй хамт аялахаар тэд тухлаад л, түвэгтэй санагддаг.
Б.ДӨЛГӨӨН