Дунд сургуулиа төгссөн охиндоо хамрын хэлбэрээ өөрчлөх хагалгааны мөнгө өгчихвөл хамгийн том бэлэг болно. Хошин гэмээр ч энэ бол гарцаагүй үнэн. БНСУ-ын гурван эмэгтэй тутмын нэг нь гоо сайхны мэс засал хийлгэж, “хөөрхөн” болсон гэдэг судалгаа байна. Өөр нэг судалгаагаар 20-иод насны хоёр бүсгүй тутмын нэг нь гадаад төрхөө өөрчилсөн байдаг аж. Сөүлийн Ганнам дүүргийн хоёр ам км газарт гоо сайхны мэс засал хийдэг 500 гаруй эмнэлэг бий гэнэ. Энэ оронд гоо сайхны хагалгаа цэцэглэн хөгжих болсон шалтгаан иргэний дайнаас үүдэлтэй. Солонгосын хойгийг хоёр хэсэгт хувааж, бараг дөрвөн жил /хэдийгээр гурван жил нэг сар үргэлжилсэн гэх ч дайн дууссаныг албан ёсорр зарлаагүй/ үргэлжилсэн дайны уршгаар олон хүн эрэмдэг болсон. Тэр үед америк эмч нар шархдаж, түлэгдсэн цэргүүдэд гоо сайхны хагалгаа хийж, эрүүл сайхан болгож байсан нь сүүлдээ энгийн иргэдийг дунд “моод” болсон аж.