Шинжлэх ухааны латин нэршил нь рeriophthalmus barbarous хэмээх нэгэн сонирхолтой загас бий. Түрлэгээр дэвхрэгч гэж ч нэрлэгддэг эл загас далайн татлагаар ил гардаг. Ийнхүү “хуурай” газарт гарсныхаа дараа гайхалтай ангуучилж, хооллодог аж. Ингэхдээ амандаа балгасан усаа асар хүчтэй, хурдтайгаар олз руугаа цацаад, эргүүлэн сордог гэнэ. Энэ үед ус яг л мэлхийний хэл шиг харагддаг байна. Түрлэгээр дэвхрэгч ийнхүү ангуучилдгийг өмнө нь эрдэмтэд огт анзаараагүй байсан гэнэ. “Proceedings of the royal society” сэтгүүлд бичсэнээр ангуучилж буй дэвхрэгчийн зургийг рентген графикийн аргаар бичиж авснаар хэлнийх нь учрыг олжээ. Хуурай газарт хэл нь амьтдад хоолоо олж идэх чухал зэвсгийн нэг болдог. Чухамхүү эл эрхтэн байхгүй бол өлбөрч үхэх эрсдэлтэй. Тэгэхээр түрлэгээр ил гарч ирдэг загас байгалийн зохилдлогоор түр хугацаанд “хэлтэй” болдог аж. Энэ нууцыг мэдсэн Бельгийн Антверпенийн их сургуулийн судлаач Крейн Михель “Энэхүү загасны булчингийн хөдөлгөөн бусад загасныхаас их өөр. Харин хоёр нутагтан тритон гүрвэлийнх шиг” гэжээ. Дашрамд дуулгахад, түрлэгээр дэвхрэгч өөрийн хэмжээнээс хэд дахин өндөрт харайж, бас сэлүүрнүүд дээрээ явж чаддаг онцгой чадвартай.