Маргааш буюу Баасан гарагийн шөнийн 02:00 цагт цаг нэг цагаар урагшилна. Тиймээс орон даяар цагаа урагшлуулна.
Тодруулбал гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02:00 цагаас эхлэн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00:00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээний эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөх юм.
Цагийн тооллыг урагшлуулж байгалийн эрчим хүчийг ашиглах нь эрчим хүч хэмнэх, тариа ногоо тарих болон хувийн аж ахуй эрхлэх, үйлчилгээний байгууллагад үйлчлүүлэгчдийн тоо өсөх зэрэг эерэг боломж олгоно хэмээн үзэж дээрх шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Дашрамд дурдахад манай улс 1983 онд цагийг зуны цагийн тоололд шилжүүлэх зохицуулалтыг 14 жил хэрэгжүүлж, 1999 онд хүчингүй болгосон юм.