Мьянмарын Шадар сайд, хатагтай Сү Сү Хэлайны албан айлчлалынхаа үеэр авахуулсан гэрэл зургууд дунд нэгэн хачирхалтай зураг байгаа нь тус улсын болон Зүүн өмнөд Азийн орнуудын сошиал медиа хэрэглэгчдийг гайхашруулаад байна.
Мьянмарын Мэдээллийн яамны фэйсбүүк хуудсанд тавьсан тэрхүү зураг дээр хатагтай Хэлайны хөл хавьд шүхэрний сүүдэр харагдах ч шүхэр байхгүй байгааг гярхай хүмүүс ажиглажээ. “Шүхрийг арилгасан ч сүүдрийг нь мартжээ”, “Ийм үл үзэгдэх шүхэртэй болмоор байна” зэрэг олон зуун мессеж хүлээж авсан Мэдээллийн яамныхан зургийг хэд хоногийн дараа устгасан аж.
Гэхдээ зургийг яагаад засаж янзалснаа одоог хүртэл тайлбарлаагүй байна. Сошиал медиа хэрэглэгчдийн таамаглаж байгаагаар эмэгтэй хүнд эр хүн шүхэр барьж өгөх нь бирмүүдийн дунд ёс зүйгүй, эр хүнийг үл хүндэтгэсэн хэрэг гэгддэг тул арилгасан байх магадлалтай гэнэ.