Хосууд хөтлөлцөн алхаад л , охидын гутлын өсгий тог тог хийн дуугарч, цэцэгс цоморлигоо дэлгэн нахиалж хавар хэдийнэ иржээ.
Гандангийн зүг юм бодон алхах зуур нар эгц дээрээс тусаж нүд гялбуулна. Хүрд эргэх чимээ,бөөгнөрсөн тагтаан зэрэг нисэх дуу, хүүхдийн цагаахан инээд, зөөлөн салхины намуухан үлээх дуу,сүсэгтэн олны хүслийн шивнээ, өмнөө хуучирсан муу хайрцаг тавиад “Зөөлөн зөөлөн замбуулин”гэж дуулах бөөвийсөн болжмор шиг хүүгийн дуутай хөг нийлэн тэнд амар амгалан бийг сануулна.
Эргэн тойрон суварга хүрд. Үүдээ хоёр арслангаар мануулсан хийдийн үүдэнд байрлах хоёр том хүрдийг гурвантаа эргүүлж дотор нь орлоо. 80 тохой өндөр Мэгжид Жанрайсэг бурхан их л сүрдмээр угтав. Тэр олон хүний хүслийг чих тавин сонсох мэт. Энд нэг тогооноос олон жил хоол идэж байгаа хамт олон гэхээр хүмүүс их. Хүмүүсийн дурсгалын зургийг татах зурагчинаас аваад гуйлга гуйж байгаа хүүхдүүд цөөнгүй.
“Будаа аваарай” гэж бие биенээсээ өрсөн гүйлдэх танил дүр зураг харин харагдсангүй. Хийдийн хаалгаар орохтой зэрэгцээд хөгшид, хүүхэд “будаа”-гаа зарахаар өрсдөгсөн. Нүд үзүүрлэгдсэн тагтаа ч одоо үгүй.
Ганданг тагтаагүйгээр төсөөлөхийн аргагүй. Тагтааг будаагүйгээр бүр ч төсөөлөхгүй.
Тагтаанууд одоо хотын нэг буланд цемент тоншин хаа нэг үзэгдэнэ. Айлын цонхны гадаа бөөвийн суух ч харагдана.
Сүүлийн үед иргэд тагтааг ихээр хооллож байгаагаас тоо толгой нь хэвийн хэмжээнээс хэтэрч, өд, сангас нь орчныг бохирдуулах, тоосонцор үүсгэж ханиад томуу дэгдээх үндэс болсон гэнэ. Тэр байтугай улсын хамгаалалтад байдаг соёлын үнэт өв болох бурхан шашны хосгүй үнэт зүйл, уран барилга, тахилга шүтээн, Жанрайсэг бурханы өнгө үзэмжийг гутааж, эдэлгээг богиносгож байгааг хийдийн лам нар онцолсон.
Нийслэлийн түүх дурсгалын газар болсон тус хийд сүүлдээ эх жижиглэн худалдаа эрхлэгчдийн наймааны зах, үзмэрч төлөгч гэх хүмүүс, нохой шувууны үүр болсонд харамсч буйгаа Гандантэгчилэн хийдийн удирдлагууд хэлсэн юм. Тиймээс тагтаа хооллох нь буян гэж үзэгсэд хандлагаа өөрчлөхийг, тэднийг утга учиргүйгээр хооллон үржүүлэхгүй байхыг олон нийтээс уриалж, холбогдох байгууллагуудтай хамтран шат дараатай арга хэмжээ авч эхэлсэн нь энэ юм.
Байр байрандаа гэдэг шиг гандан гэхээр л тагтааны нисэлдлэх дүр зураг санаанд буудаг ч одоо тэд үгүй. Ямартай ээлжлэх дөрвөн улиралд хоол, тэжээлээ амар хялбар олчихдог байсан тагтаа Гандандэгчилэнгээр үзэгдсэнгүй. Тагтаанууд байгалийнхаа хуулиар хоолоо олж идэхээр хаашаа ч юм нисэлджээ.
М.Болор