Нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн будлиантай “жиргээ” мэдээллийн томоохон агентлагуудыг барьц алдуулаад амжлаа. Даруй хоёр жилийн өмнө нас барсан Нигерийн нэрт зохиолчийн үхлийн талаарх өнгөрсөн мэдээллийг уншсан Сюзан Райс өнөөдрийнх хэмээн эндүүрч твиттертээ жиргэжээ.
Тэр даруй цаг үеэсээ хоцорсон мэдээлэл цахим ертөнцөөр тархаж, тэр ч бүү хэл CNN, “Guardian” гэх томоохон агентлагууд зохиолч Чинуа Ачебег дахин “үхүүлж”, эмгэнэл илэрхийлсэн байна. “Нью-Йорк таймс”-ийн хоёр жилийн өмнөх мэдээллийг цаг үеийнх хэмээн эндүүрсэн тэрбээр “Африкийг гэрэлтүүлэгч, миний болон бидний үеийнхний үлгэр дуурайл болсон зохиолч нас баржээ. Түүнийг төрөлх тосгонд нь өнөөдөр оршуулсан байна” хэмээн бичжээ.
Харин энэ тухай “Нью-Йорк таймс” сонины редактор Паула Двэйр “Бид нэрт зохиолч Чинуа Ачабегаа алдаад удаж байна” хэмээн жиргэснээр будлианы эзэд цахим сүлжээнд оруулсан мэдээллээ устгажээ.
О.УНДАРМАА