Ширмэн тогоон дээр Ижий минь цай хариулав Мөс өрөмтөнө... Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар гуравхан мөрөнд ертөнцийн учир явдлыг багтаадаг хайкү шүлгийн хэлбэр ашиглан ийн бичжээ. Тэрбээр өчигдөр Монголын хайк үгийн холбоо байгуулж, “Чөдөр өвс”, “Тархины фитнесс”, “Гандирсан” номынхоо нээлт болон “Хайкүг хайхуй” эрдэм судлалын симпозиум, уран бичээчдийн калиграфийн үзэсгэлэн зохион байгууллаа. 1960-аад онд Б.Явуухулан хайкүг орос хэлнээс орчуулснаар манай яруу найрагчид шүлгийн энэ төрөлтэй анх танилцсан гэдэг. Тэрбээр 1964 онд “Японы хайкү шүлгийн тухай” хэмээх өгүүлэл бичсэн бол түүнээс 10 жилийн дараа богино өгүүллэгийн мастер агсан Ж.Лхагва “Японы яруу найраг” номдоо 85 яруу найрагчийн танка, хайкү болон орчин үеийн шүлгийг орос хэлнээс орчуулж нийтэлсэн байдаг.
Өдгөө залуу яруу найрагчид хайкүг сонирхон бүлгэмүүд байгуулсан учир тэднийг нэгтгэж ийн холбоо байгуулсан юм билээ. Гүйцэтгэх захирлаар нь зохиолч, шүүмж судлаач П.Батхуяг сонгогдсон бөгөөд удирдах зөвлөлд нь долоон уран бүтээлч багтсан аж. Монголын утга зохиолд шинэ хуудас нэмсэн энэ өдөр Дэлхийн хайкү шүлгийн холбооны захирал Банья Нацуиши хүрэлцэн иржээ. Хайкү шүлгийн гайхамшгийн талаар болон Монголд хөгжүүлэхийн ач холбогдол, өнөөдөр шинээр мэндэлсэн номуудын тухай Банья Нацуиши, Ү.Хүрэлбаатар, П.Батхуяг нараас тодруулснаа хүргэе.
БАНЬЯ НАЦУИШИ: ХАЙКҮ АМЬДРАЛЫН УТГА УЧРЫГ НАДАД ОЙЛГУУЛСАН
-Монголд ирсэн сэтгэгдлээ хайкү шүлгээр илэрхийлнэ үү?
-Би Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Эртний Япон болон өнөөгийн Монгол адил тал ихтэй санагддаг. Тиймээс Монголд ирэхэд ойр дотно, яг л дурсамж сэргэж байх шиг мэдрэмж төрдөг. Монголын тухай бичсэн 10 хайкү шүлгээ энэ хурлын үеэр уншихаар бэлдсэнээсээ нэгийг сонирхуулъя. “Хулгана нь хүртэл үүрэндээ Цэнхэр зүүд зүүдэлдэг Цэмцгэр нь аргагүй тал нутаг” гэж 2007 оны зун Монголын үзэсгэлэнт байгальд аялж, оготны нүх харж байгаад төрсөн сэтгэгдлээ буулгасан. Монголчууд хөх тэнгэрийг дээдэлж, хөх өнгийг бэлгэддэг учир цэнхэр зүүдээр Монголыг төлөөлүүлсэн юм.
-“Японы байгаль, цаг уур, заншил, түүхийг мэдэж байж л хайкүгийн мөн чанарыг ойлгож чадна. Зөвхөн япон хүн л хайкүг төгс утгаар нь бичиж чадна” хэмээн зарим утга зохиол судлаач, шүүмжлэгч үздэг. Хайкүг өөр улсын яруу найрагчид бичих нь хэр тохиромжтой вэ?
-Таны хэлсэнтэй санал нийлдэг судлаач гадаадад олон байдаг. Миний бодлоор бүх улсын яруу найрагч хайкү бичиж болно. Байгалийн, хүний мөн чанарын тухай хайкүд тусгадаг. Ямар ч улсын яруу найрагч хайкү бичихдээ байгаль дэлхийтэй холбодог. Уг нь эхний мөрийг нь таван үетэй, дараагийнхыг долоо, гурав дахийг нь таван үетэйгээр бичдэг дэгтэй. Гэхдээ тухайн улсын хэлзүйн тогтолцооноос шалтгаалж үүнийг мөрдөхгүй байж болно. Хамгийн чухал нь гурван мөрөнд багтааж санаа бодлоо төгс илэрхийлж чадаж байвал тэр хайкү мөн. Тийм богино шүлгээр бүгдийг ойлгуулж, дотроо ямар утга санаа нуусан бол гэдэг нь хүмүүсийн сонирхлыг татдаг учир хайкү дэлхий даяар дэлгэрч байгаа юм.
-“Хуучин цагийн япон хүн одоо байхгүй. Энэ нийгэм мөхөл сүйрэл рүүгээ явж байна. Японы нийгэм дэндүү хурдан, бараг эрүүл бусаар хөгжиж байна” хэмээн алдарт кино найруулагч Акира Күросава 1994 онд өгсөн ярилцлагадаа хэлсэн юм билээ. Техник, технологи өндөр хөгжиж буй энэ үед Японд хайкүгийн мөн чанар алдагдаж байна уу?
-Жинхэнэ япон хүн ховордсон гэдэгтэй би ч гэсэн санал нийлж байна. Гэхдээ үүнийг сэтгэлгээний өөрчлөлт гэж хүлээж авах хэрэгтэй. Хайкү хүний сэтгэл санаа, бүх зүйлийг илэрхийлдэг бол техник, технологи мөнгөтэй холбоотой. Тиймээс хайкүгийн мөн чанар өөрчлөгдөхгүй л болов уу.
-Хайкүг өөрийгөө таних ухаан болохоос сэтгэгдэл төдийхөн биш гэж зарим хүн үзэж байхад энэ бол мэдрэмж, зураглал гэж ойлгож байгаа хэсэг байна. Аль нь зөв бэ?
-Хайкү шүлэгч тухайн үеийн сэтгэгдлээ буулгасан нь ч бий. Бас гүн гүнзгий бясалгаж, тунгаасны эцэст бичих үе ч байгаа. Таны хэлдэг хоёул зөв. Тэрхэн мөчид бичсэн шүлэг ч гэсэн зохиогчийн сэтгэлийн гүнээс л төрж байгаа.
-Монголын ертөнцийн гурвын тухай бодлоо хуваалцахгүй юү?
-Японд ч гэсэн гурван мөрөөр адилтгаж бичдэг, ертөнцийн гуравтай төстэй шүлгийн төрөл байдаг. Ертөнцийн гуравтай адил тал олонтой учир Монголд хайкү өндөр хөгжих боломжтой.
-Ү.Хүрэлбаатарын хайкү шүлгийн нэг номд та өмнөтгөл бичсэн гэсэн. Түүний шүлгүүдийн талаар сэтгэгдлээ хэлнэ үү?
- Монгол хүний сэтгэлгээний онцлог, уламжлал, зан заншил бүгдийг шингээсэн юм билээ.
-Зэн буддизм Японд харьцангуй сүүлд нэвтэрсэн хэрнээ яагаад танай улсын хөрсөнд бусад орныхоос илүү сайн буусан юм бэ?
-Гаднын орнуудад зочлоход хүн бүр надаас зэн буддизмын тухай асуудаг. Гаднынхан япончуудыг зэн буддизмыг ихээр шүтдэг гэж боддог боловч үнэндээ манайд тийм ч их дэлгэрээгүй.
- Хайкү шүлгийн амин сүнс нь зэнгийн сургаалиуд биш юм уу?
-Үгүй. Өнгөрсөн зуунаас л зэн хайкүтэй холбогдож эхэлсэн.
-Та 14 настайгаасаа хайкү бичсэн юм билээ. Дотоод ертөнц рүүгээ нэвтэрч, төрөлх мөн чанараа таньж, түүгээрээ дамжуулж хорвоогийн утга учрыг тайлуулах боломж олгодог энэ шүлгийн төрөл танд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Бусад орны талаарх бодлыг минь өөрчилж, арай өргөн цар хүрээтэй сэтгэдэг болоход тусалсан Мөн эх оронч үзэл төлөвшүүлсэн. Сэтгэл хангалуун үедээ бичсэн шүлгээсээ илүү гутарсан байхдаа туурвиснаа дараа нь хараад тухайн үеийн сэтгэгдэл, бодлын тухай эргэцүүлдэг юм.
-Та хайкүгээр дамжуулж хүний амьдралын утга учрыг ойлгосон уу?
-Олон орны яруу найрагчийн бичсэн хайкүг уншсанаар амьдралын утга учрыг ойлгож чадсан. Өөрийгөө зовоох зүйлээ хүн өөрөө хийдэг. Хэцүү байдалд орохгүйн тулд өөрийн оюун санаа, сэтгэлээ бүхнээс чөлөөлөх нь чухал. Гэхдээ ингэх нь тоглоом шиг амар зүйл биш. Өөрийгөө зовоохгүй байх арга замаа хүн өөрөө эрж олох нь хамгийн чухал гэдгийг би ойлгосон.
-Таны амьдралын утга учир юу вэ?
-Одоо байгаагаасаа илүү хөгжих нь миний амьдралын утга учир. Мөн өөрийн бичсэн хайк үгээр дамжуулж бусдад сайхан мэдрэмж төрүүлэх нь миний зорилго.
П.БАТХУЯГ: ХАЙКҮ БОЛ ОНЬСОГО БИШ, НЭЭХҮЙ
-Өнөөдрийн үйл ажиллагааны талаарх сэтгэгдлээ хуваалцана уу?
-Хайкү Японы соёлын нэг хэсэг боловч түүнтэй холбоотой монголчуудын бүтээсэн өв чамгүй их. Хайкү шүлгийн хэлбэрээр дагнаж бичдэг яруу найрагч олон төрж байна. Японы хайкүтэй Монголын соёл хэрхэн уусаж, шинэ хэлбэрээрээ хэрхэн баяжиж байгааг энэ арга хэмжээ харуулж байна. Хайкү зохиодог манай яруу найрагчид нэгдэж, гадаад харилцаагаа өргөжүүлснээр монголчуудын соёл гадаадад бас нэгэн өөр замаар түгэн дэлгэрнэ гэж ойлгож байна.
-Энэ хөгжлийг дагаад хайкү судаачид ч бас “төрөх” байх?
-Манайд одоогоор хайкү дагнан судалдаг хүн байхгүй. Гэхдээ олон судлаач, яруу найрагч хайк үгийн талаар судалгааны таамаглалуудаа дэвшүүлж байсан.
-Японд хайкү бичих дэг сургууль нь өөр. Таныхаар хайкүг монгол хөрснөө хэрхэн буулгавал тохиромжтой вэ?
-Монгол хайкүгийн онцлогийг одоогоор олж харахгүй байна. Бидний соёл сэтгэлгээний бусдаас өөр талыг илэрхийлснээр онцлог болно.
-Ү.Хүрэлбаатарын өнөөдөр нээлтээ хийсэн нэг номынх нь өмнөтгөлийг та бичсэн гэсэн. Түүний бүтээлийн талаарх бодлоо хэлэхгүй юү?
-“Тархины фитнесс” номд нь бодлоо тодорхой бичсэн. Хайкү гэж бидний бодож байгаа зарим зүйл хайкү биш. Хайкү бол сэтгэгдэл биш, бодлогошрол. Хайкү оньсого биш, нээхүй. Энэ бол ертөнцийн гурав биш. Хайкү бол хайкү. Мөн чанарыг нь үргэлжлүүлбэл магадгүй монгол маягийн хайкү манай яруу найргийн нэгэн өв болно гэдэгт итгэж байна.
Ү.ХҮРЭЛБААТАР: ЕРТӨНЦИЙН ГУРВЫГ ДЭЛХИЙН ОЮУНЫ САН ХӨМРӨГТ
БАГТААЖ, ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ МИНИЙ ТУЙЛЫН ЗОРИЛГО
-Яагаад хайкү шүлэг бичих болсон бэ?
-Хайкү бол мэдрэмж, төсөөллийн шүлэг. Монголчууд гурван мөртөөрөө алдартай. Ертөнцийн гурвыг дэлхийн утга зохиолын оюуны сан хөмрөгт багтааж, түгээн дэлгэрүүлэх нь миний туйлын зорилго. Тиймээс ч гурваар бэлгэддэг монгол түмний ертөнцийн гурвыг дэлхий дахинд хүргэх нэг боломж нь хайкүгийн олон улсад эзэлсэн зам мөр болов уу хэмээн үзэж, судалж байгаа нь энэ.
-Таны гурван ном юугаараа онцлогтой вэ. Нэр нь сонирхол их татаж байна.
-Хайкү шүлгийн тогтолцоог монгол ухаанаар, монгол ахуйгаар яаж тайлах вэ гэж бодоход чөдөр санаанд буусан учир анхны номоо “Чөдөр гурвалжин” хэмээн нэрлэсэн. Тархины гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтэж байхдаа ухаанаа сорихоор 300 гаруй хайкү бичиж, үүнээсээ 108-ыг нь “Тархины фитнесс” номдоо багтаасан. Өргөн сэтгэлгээг загварчилсан байдалд тохируулан хураан томъёолдгоороо хайкү бол тархины дасгал гэж ойлгож байна. Онгон дагшин байгальд, Монголд л зэрэглээ үзэгддэг учир түүгээр бахархаж, удаах номоо “Гандирсан” гэж нэрлэсэн. Дараа нь “Миний гудамж” хотын хайкү, “Гэгээн бүхнийг дуул” нэртэй хайрын хайкү шүлгийн номоо хэвлүүлэхээр төлөвлөж байна.
Б.ДӨЛГӨӨН