Нидерландын вант улсын “Drents” музейд хадгалагдаж байсан бурхны баримал дотроос нэгэн ламын занданшуулсан шарил олдсон талаар өнгөрсөн хоёрдугаар сард дэлхийн хэвлэлүүд шуугисан. Тэгвэл тэр гайхамшигт баримлыг 1960-аад онд Хятадын соёлын хувьсгалын үеэр хулгайлан, хууль бусаар хил дамнуулсан гэж Бээжин мэдээлжээ.
Дашрамд сануулахад, музейн үзмэр шинжээчид баримлыг олон улсын үзэсгэлэнд тавихаар цэвэрлэж байгаад энэ нь жирийн нэгэн зүйл биш, “авс” болохыг мэдсэн байна. Тэрхүү нууцлаг баримлыг Нидерландын нэгэн эмнэлэгт компьютер томографаар шинжилсний дүнд дотор нь 1000 гаруй жилийн тэртээд занданшуулсан шарил байгааг илрүүлсэн. Шарилын дотор эрхтэнүүдийн оронд эртний хятад ханз, дүрс бүхий ороосон муутуу цааснууд хийсэн байсныг өдгөө судалж байгаа аж. Уг баримлыг судлах багийг удирдсан, буддын шашин судлаач Э.Бруйжний баталснаар бол хэдэн арван зууны турш “нуугдаж” энэ цаг үед ирсэн “лам” бол Хятадын бясалгалын сургуулийн лам Лю Цюань аж. Хятадын зүүн өмнөд нутгийн эртний нэгэн сүмд хадгалагдаж байсан эл баримлыг 1966 онд Европ руу гаргасан хэмээдэг аж.
Өдгөө Нидерландын нэгэн хувийн цуглуулагчийн эзэмшилд байгаа ийм нэгэн баримлыг Хятад улс буцааж авахаар хөөцөлдөж эхэлсэн талаараа мэдэгдсэн байна. “Shanghai Daily”-д бичсэнээр Хятадын Фузянь мужийн Янчунь тосгоны нэгэн хийдэд эртнээс залаастай байсан, завилан суугаа бурхны дүр бүхий баримал 1995 онд хулгайд алдагдсаныг нутгийн иргэд баталжээ. Тэдний мэдээлснээр гэгээн Лю Цюаний дүр /баримал/-ийн малгай өдгөө ч тэр хийдэд байгаа аж. Нидерланд эрдэмтдийн шинжилгээний дүнгээр бол эл баримал XI-XII зууны үе буюу Сүн улсын түүхтэй холбоотой бөгөөд энэ нь тосгоны иргэдийн мэдүүлсэнтэй таарч байгаа гэнэ. Бээжингээс томилогдсон археологич, шинжээчдээс бүрдсэн мэргэжлийн багийнхан өдгөө Янчун тосгонд ажиллаж, нутгийн иргэдийн ярьсныг батлахаар ажиллаж байна. Хэрэв тэрхүү баримал хулгайлагдсан нь үнэн бол Хятад улс Нидерландаас соёлын хосгүй өвөө буцааж авахаар нэхэмжилнэ гэжээ.
Гэхдээ олон улсын шинжээчдийн үзэж буйгаар ийм маргаантай асуудал Бээжингийн талд шийдэгдэх магадлал бага гэнэ. Учир нь Нидерланд ЮНЕСКО-гийн Хулгайлагдсан соёлын үнэт зүйлсийг буцаах тухай конвенцид 2009 онд л нэгджээ. 1970 онд баталсан Конвенцийн заалтаар бол эргэж үйлчилдэггүй аж. Тэгэхээр мэргэжилтнүүдийн бодлоор бол Хятад улс биш, хэнэ нэгэн иргэн нь нэхэмжилбэл энэ асуултын хариу нааштай шийдэгдэх магадлалтай юм байна.
Сонирхуулахад, Янчунь тосгоны учир мэдэх хүмүүсийн яриа болон архивын баримтаар тус нутагт Жангон Лю Цюань хэмээх нэртэй лам байсан бөгөөд тэрбээр 20 настайдаа сахил хүртэж, ядарсан хүмүүсийг эмчлэн, бурхны сургаалийг дэлгэрүүлж байгаад 37 насандаа хорвоог орхисон юм байна. Нутгийн лам болон түүний шавь нар багшийнхаа шарилыг занданшуулж, бурхны дүр дотор залсан ажээ.
Унгарын нийслэл Будапешт хотын түүхийн музейд энэ сарын эхээр нээлтээ хийж, ирэх тавдугаар сарын 17 хүртэл үргэлжлэх олон улсын үзэсгэлэнд уг баримлыг тавьсан байжээ. Гэтэл уг баримлыг эзэмшигч нидерланд цуглуулагч үзмэрээ тодорхой шалтгаан хэлэлгүйгээр эргүүлэн татсан мэдээ байна.