Монголын Урлагийн зөвлөлөөс Францын зохиолч Шарль Перрогийн алдарт “Үнсгэлжин” үлгэрийн зохиолоор сонгодог урлагийн бүтээл туурвих “Үнсгэлжин” хүүхдийн балетыг толилуулахаар болжээ.
Монголын сонгодог урлагийн урын санг хүүхэд залуучуудад зориулсан шинэ уран бүтээлээр нэмэгдүүлэх, мэргэжлийн уран бүтээлчдийн залгамж халааг бэлтгэх, үзэгчдийн урлагийн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү балетыг толилуулж байгаа юм.
Тус балетыг 1972 онд Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа ОХУ-ын С.Прокофьевын хөгжим, В.Захаровын дэглэн найруулснаар “Золушка” нэрээр анх тавьж байжээ. Тухайн үед энэхүү бүтээл цөөн тоглож, улмаар 1980-аад оноос хойш дахин тоглоогүй өдий хүрчээ. Ийнхүү дэлхийд алдартай бүжгэн жүжгийг дахин Монголын тайзнаа тавихаар ОХУ-ын Театр урлагийн их сургуулийн балетмейстер Э.Долгормаа санаачлан, Монголын Урлагийн зөвлөл, “UB Ballet” балетын сургууль, ХБК-тэй хамтран ажиллаж байна.
Тус балет ирэх сарын 10-11-нд Соёлын төв өргөөнд болох юм.