Ц.Мөнхчулуун хэмээх энэ залуу Эверест рүү авирахаар яваад, замынхаа ихэнхийг нь туулсан хойно нь л бид “танилцаж” билээ. Түүнтэй цахим ертөнцөд нөхөрлөж, аян замынх нь тэмдэглэлийг уншсаар, дайчин, шаргуу хичээнгүй зангаар нь бахархах болсон юм. Дэлхийн дээвэр болсон Эверест рүү дугуйтай гарахаар зориг шулуудаж, хамгийн хүнд хэцүү цаг агаартай байсан арванхоёр болон нэгдүгээр сарыг дамнан өөдөө тэмүүлсээр 5545 метрийн өндөрт гараад иржээ. Энэ бол дэлхийд ч тодоор бичигдэх амжилт юм.
Бас эх орныхоо нийслэлээс баруун тийш дугуйтай гараагаа эхэлж, нэг ч өдөр дугуйгаа орхилгүй явсаар тэрбээр Катмандуд хүрсэн. Энэ хоёр амжилт нь түүний давтагдашгүй дайчин чанарын илэрхийлэл болно. Сар шинийн баярын дараахан буюу хоёрдугаар сарын 20-нд эх орондоо ирсэн Ц.Мөнхчулуун дараагийнхаа аялалд бэлдэж байна. Одоо тэрбээр бас л тэвчээрийнхээ хязгаарт хүрэх адал явдлыг эрэлхийлж буй. Гэхдээ энэ бүхэн нэг л зорилготой. Тэрбээр Нэгдүгээр амаржих газрын эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг худалдан авахад тусалж, олон нийтийг хамруулсан хандивын аян зохион байгуулахын тулд ийн амь өрсөж яваа.
СЭТГЭЛ ЭМТРҮҮЛЭМ ЭХЛЭЛ
Уулын дугуйн спортын тамирчин Ц.Мөнхчулуун бартаатай замаар аялж, хүч сорих дуртай. Өмнө нь зүүн өмнөд Азийн орнууд болон Арабын зарим улсаар дугуйтай аялж байжээ. Тэрбээр гэр бүлтэй болж, эх орондоо суурин амьдрах болсон нь өөр нэг эхлэл байсан юм. Анхны хүүгээ угтан авахаар догдолж байсан залуу аав, ээжид хэцүү зовлон тохиож, хүү нь хүн болж чадахгүйд хүрч олон хоног сандаргажээ. 20 гаруй хоног Нэгдүгээр амаржих газрын Сэхээн амьдруулах тасгийн гадна, заримдаа хулгайгаар дотор нь орж, хүүгийнхээ төлөө сэтгэл зовниж явахдаа энэ эмнэлэгт зайлшгүй шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг авах мөнгө яаралтай хэрэгтэй байгааг ойлгожээ.
Улсын төсвөөс санхүүжилт авахыг нь хүлээвэл тэдний дараалал яагаа ч үгүй байгаа гэнэ. Азаар, сайн эмч нар, эмээ, өвөөгийн буянаар хүү нь ч хүн болжээ. Одоо цовоо цолгиун хүү өсөн торниж байгаа гэсэн. Харин аавынх нь сэтгэлийг эмзэглүүлсээр байсан зүйл нь нөгөө л Эрчимт эмчилгээний тасгийн тоног төхөөрөмж. Жирийн нэгэн залуу гэнэтхэн ард түмнээс хандив хүсээд эхэлбэл энэ төслөө амжилттай бүрэн дуусгаж чадахгүй гэж бодсон учраас Ц.Мөнхчулуун таван жилийн өмнөөс 300 сая төгрөг хэрхэн босгож болохыг тооцоолж төсөл боловсруулсаар иржээ. Уулын дугуйн спортын тамирчин учраас өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлээ хийж, аялангаа хандив цуглуулъя гэж бодсон ч найзууд нь “Амжилт олохгүй байх. Өөр арга хайя” гэж хэлжээ. Мөнгө босгох арга хайсаар тэрбээр өнгөрсөн жил дэлхийд алдартай “Рlaying for change” хамтлагийн гишүүнтэй холбогджээ.
Дэлхийн олон орны авьяаслаг хөгжимчид, дуучдыг нэгтгэсэн энэ хамтлагийнхан аялан тоглолт хийж, олсон орлогоороо африк хүүхдүүдэд хөгжмийн боловсрол олгох сургууль байгуулсан тухай мэдээлэл түүний анхаарлыг татжээ. Хүүхдийн төлөө гэсэн ижил зорилготой учраас тэдэнтэй ярилцаад үр дүнд хүрэх боломжтой гэж үзсэн байна. Хамтлагийн нэгэн гишүүн түүний санааг сайн ойлгосон ч ирэх жилийн ажлаа бүгдийг нь төлөвлөснөөс гадна энэ тухай бусад улс оронд аж төрж байгаа гишүүдтэйгээ ярилцаж байж хариу өгнө гэжээ. Мэдээж тэднийг шийдвэр гаргах хүртэл гар хумхин сууж болохгүй гэж Ц.Мөнхчулуун үзээд уулын дугуйн спортын тамирчин, адал явдалт спорт аяллын хөтөч мэргэжлийнхээ давуу талыг ашиглан гадаад, дотоодод амьдарч байгаа элэг нэгтнүүдийнхээ анхаарлыг татаж, “Рlaying for change” хамтлагийнхныг ч эерэг хариу өгөхөд нь нөлөөлөхөөр Эверестийг зорьсон байна.
5545 МЕТРИЙН ӨНДӨРТ
АЛТАН СОЁМБОТ ДАЛБААГАА МАНДУУЛЖЭЭ
Эх орныхоо нэрийг өндөрт өргөн, шинэ амжилтын эзэн болоод ирсэн түүний аялал амар байсангүй. Монголоос явахдаа хоёр ч байгууллагатай ярилцан тохиролцож, ивээн тэтгүүлэхээр болсон ч замын дундаас тэд тамирчин залууг орхиж, тэрбээр халаасандаа сохор ч зоосгүй, хоол авч идэх ч мөнгөгүй явсан гэдэг. Аяллаа тэрбээр 2014 оны арваннэгдүгээр сарын 8-нд эхлүүлсэн. Өглөө бүр 07.00 цагт замдаа гарч, шөнө 02.00 цагт түр амсхийн унтаж явсаар өдөрт 160 км зам дугуйтай туулдаг байжээ. Аяллаа эхлүүлэхдээ 11900 км дугуйтай аялж, 5400 метрийн өндөрт гарна хэмээн тэр төлөвлөж байв. Катмандуд нэг ч төгрөггүй очсон ч зорилгоосоо ухрахгүйн тулд Монголын дугуйн холбооны тэргүүн Наранзундуйтай холбогдож, ямар ч гэсэн хөтөч авч байж уул руу гарах ёстой хэмээн ойлголцжээ. Хөтчийн төлбөр, хоол болон гарын мөнгө түүнд байсангүй.
Азаар жилийн өмнө холбогдож байсан Жанбу хэмээх Шерпа үнээ хямдруулж, өдрийн 70 доллараар түүнтэй хамт бартаат зам туулахаар болсон байна. Гэхдээ уулнаас бууж ирсэн хойноо л Монголын дугуйн холбооныхны илгээсэн мөнгөөр төлбөр хийхээр тохирч, тэр ч бүү хэл хөтчөөсөө 4000 рүпи түр зээлжээ. Хоолтой хоолгүй, өлөн зэлмүүн явсаар Катмандуд ирсэн хэрнээ Ц.Мөнхчулуун хөтчөөсөө хамгийн бартаатай зам сонгож өгөхийг хүсэж, Эверест рүү гарчээ. Зам бартаатай, ганц хүн явахаар нарийн зөрөгтэй байсан учраас арга буюу тэр алхаж явах болжээ. Гэсэн ч дугуйтайгаа дэлхийн дээвэрт гарна гэсэн зорилгоосоо ухрахгүйн тулд дугуйгаа үүрсээр явжээ. Түүнийг өөдөө авирч явах энэ үед цаг агаар хүйтэрч, цас ихтэй байсан учраас бүх дэн буудал ажиллахаа больж, жуулчид, уулчдын тоо эрс багассан байжээ. Харин замд нь таарсан зарим хүн түүнийг “Нөгөө галзуу монгол явж байна” хэмээн ярилцаж байсан гэсэн. Оргилд гарсныхаа дараа түүний бичсэн тэмдэглэлийг бүрэн эхээр нь хүргэе.
Жанбу бид хоёр Намче базаар суурингаас замдаа гарч өгссөөр Лукла-Намче базаарПортче- Динбүче-Лумбуче-Горчек-Кала патарЭверест кэмп гэсэн маршрутаар явж буцаад Намче базаарт ирлээ. Энэ хугацаанд нийт 130 км зам явган туулж, ирж буцахдаа дөрвөн өдөр гурван цаг 42 минут зарцууллаа. Учир нь миний хөтчийн ажлын хөлс хоногоор тооцогдож байсан учраас хурдан явахаас өөр боломж байсангүй. Өмнө нь та бүхэнд эцсийн зогсоол 5340 метрт гэж байсан боловч 200 метрээр ахиулж Кала Патра (5545) хүрч алтан соёмбот далбаагаа мандуулж чадлаа. Энэ улс орны болоод миний хувьд дугуйтайгаа 4700 км зам туулж хайрхандаа зорьж очиж чадсан нь хангалттай гэж бодож сууна. Өнгөрсөн хугацаанд намайг дэмжиж байсан монголчууддаа баярлалаа.
Дашрамд дуулгахад, тэрбээр КатмандуЖири-Лукла-Намче базаар хүртэл дугуйтай явж ирж чадсан дэлхийн анхны хүн болсон юм. Мөн Жири суурингаас Лукла хүртэл хүнд замаар дугуй үүрч гурван өдөр гурван цагт явж шинэ амжилт тогтоожээ. Нутгийн туршлагатай уулчид ч энэ замыг зургаан өдөрт туулдаг байна. Тэрбээр энэ хоёр амжилтаа албан ёсоор бүртгүүлж, баталгаажуулжээ.
Ц.МӨНХЧУЛУУН: БУСДЫН АМЬДРАЛААС МОНГОЛЫНХОО ИРЭЭДҮЙД
НҮҮРЛЭЖ БОЛОХ АЮУЛЫГ Ч ХАРЛАА
-Ийм хүнд аялал эхлүүлэхэд гэр бүлийнхэн тань хориглоогүй юу?
-Хориглосон. Эхнэртээ бол би хялбар л юм шиг тайлбарлаад байсан. Харин аав минь их эсэргүүцсэн. Миний ханийн аав шүү дээ. Гэхдээ цаад зорилго нь илүү чухал учраас, бэлтгэл хийж байхдаа эгэм, хөлөө хугалж хугацаа алдаж хойшлуулснаа бодоод шууд л гарсан даа.
-Энэ хол замд ганцаараа явахдаа их л зүйл бодсон байлгүй. Заримдаа айдас төрж байсан байх.
-Олон зүйл бодож явсан. Яагаад ч юм надад энэ аяллын бартаа саад, аюул болгон огт өөр мэдрэмж төрүүлж байсан. Дахиж би хэзээ ч Эверест рүү гарахгүй. Энэ бүхэн надад хангалттай. Гэхдээ Эверест рүү авирч явахад яагаад ч юм бурхны орон ийм байдаг байх даа гэсэн сэтгэгдэл төрж, амар амгаланг мэдэрч явсан шүү. Уг нь би бурхан шашин шүтдэггүй л дээ. Харин хамгийн их таагүй, эвгүй санагдсан зүйл нь сүүлд таарсан цагдаагийн пост байлаа. Эверестийг зорьж яваа уулчин, жуулчин, аялагчийг цэрэг болон цагдаагийн постод 10 удаа шалгадаг юм билээ. Хамгийн сүүлд таарсан цагдаа нар бүхнийг хэтэрхий нарийн бүртгэж сүүлчийн замд минь үдэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн. Тэр үед аймаар ч юм шиг хачин санагдсан.
-Дэн буудлууд нь амарчихсан, бас хулгайч, дээрэмчин ихтэй гэж дуулсан юм байна.
-Айл болгон нь зэвсэглэчихсэн. Бас дээрэмчин ихтэй учраас замд таарсан хүндээ өөрийнхөө эд хэрэглэлийн үнийг хамаагүй хэлж болохгүй юм билээ. Би эхэндээ юу ч бодолгүй ярьж явсан ч манай хөтөч ингэж болохгүй гэж сануулаад больсон. Үймээн, зэвсэгт халдлага байнга гардаг учраас айл бүр зэвсэгтэй. Гэхдээ монгол хүн гэхээр элэгсэг найрсаг ханддаг юм билээ. Тэд өөрсдийгөө монголчууд гэдэг. Харин энэтхэг ари хүмүүс нь хулгай, дээрэм хийдэг. Нэгэн үе улс орон нь ядуу зүдүү байсан учраас ард иргэд нь тус тусынхаа амьдралыг авч явахын тулд хөдөлмөрлөж, төр засгийнхаа удирдлагыг сонгохдоо анхаарахаа больж, сонгууль ч өгөхөө больсон гэсэн. Харин үүний балгаар төрийн эрхийг энэтхэг аричууд авч, шударга бус нийгмийг цогцлоосон юм байна. Монголчууд ч гэсэн сонгууль өгөхдөө тааруу, Засгийн газартаа итгэл алдарсан байгаа нь бидний ирээдүйн төрх энэ юм биш байгаа гэсэн сэтгэгдэл төрүүлсэн. Тийм гашуун ирээдүйг хэн ч хүсэхгүй байгаа бол нийгэмд идэвхтэй л амьдрах ёстой юм байна.
Түүний дараагийн аялал тавдугаар сард эхэлнэ. Бээжингээр дайраад БНХАУ-ын нутгаар дугуйтай аялж, 1000 гаруй метрийн өндөрт гарах юм билээ. Үргэлжлүүлэн ойрад монголчуудын нүүдэллэн аж төрж байсан нутгаар явна. Зорилгынхоо төлөө зүтгэж яваагаа л Ц.Мөнхчулуун эхлээд танилцуулна гэсэн. Харин тэр хүртлээ албан ёсны данс нээж хандив цуглуулахгүй аж. Санал тавьсан алдартай хамтлаг нь Монголд ирэхээр болбол Амаржих газрынхан болон тухайн хамтлаг, Ц.Мөнхчулуун нар хамтран данс нээж, ард иргэдээ уриалах юм билээ.
Ж.СОЛОНГО