Монгол Улсын Филармониас санаачлан хэрэгжүүлж буй “Монгол уран бүтээл” хүндэтгэлийн гала тоглолт энэ сарын 27-нд буюу Олон улсын театрын өдрөөр СТӨ-нд болно.
Энэхүү нэгдсэн тоглолтын үеэр үе үеийн хөгжмийн зохиолчид, тэдний ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэх юм. Тоглолтод Улсын Филармонийн Морин хуурын чуулга, Баян монгол джаз найрал хөгжим, симфони оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Мөн СТА С. Баттулга, Н. Наранбаатар, Д. Бурмаа, Т. Амина, Ц. Хулан, Б. Долгормаа, дуучин Л. Насанбуян, П. Өнөржаргал, Б. Дэлгэрбаяр, С. Нямбаяр, Т.Отгонбаяр, Б. Солонго нар үе үеийн хөгжмийн зохиолчдын шилдэг хөгжмийн бүтээлүүд, олонд танигдсан дууны бүтээлүүдийг тайзнаа амьдруулна.
“Монгол уран бүтээл” төслийн хүрээнд Монголын шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээл туурвилаас бүрдсэн цуврал тоглолтыг бүтэн улирлын турш үзэгчиддээ хүргэж, Монголын хөгжмийн мэргэжлийн түвшинд бүтээн туурвисан монгол уран бүтээлийн тоог нэмэгдүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, бүтээл туурвигчдыг алдаршуулах, бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлжээ.