Монголд артхаус киног түгээн дэлгэрүүлэх зорилготой “Алтан хальс” холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Алтан хальс олон улсын андерграунд кино наадам”-д оролцох бүтээлүүдийг хүлээн авч эхэллээ.
Энэ жил наадмын зохион байгуулалтад хэд хэдэн өөрчлөлт орсон бөгөөд хүүрнэлт, хүүрнэлт бус болон хүүхэлдэйн кино гэсэн гурвын төрлөөр бүтээл хүлээж авах аж. Мөн нэг бүтээл хоёр төрөлд зэрэг өрсөлдөх боломжтой болжээ. Түүнчлэн “Golden Reel Award-Алтан хальс шагнал”, “Special Jury Prize” буюу шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал, шилдэг хүүрнэлт, шилдэг хүүрнэлт бус, шилдэг хүүхэлдэйн кино гэсэн таван шагнал олгох бөгөөд дээд шагнал хүртсэн бүтээлийг Австрали дахь Монголын элчин сайдын яам дэмжин Мельбурнийн андерграунд кино наадмын (MUFF) сонголтын хороонд илгээж, шилдгээр шалгарсан таван кино Австрийн хамгийн том кино наадам Венийн кино наадмын (Viennale) сонголтын хороонд толилуулагдах эрхтэй болох юм.
Уралдаанд оролцох бүтээлийн сэдэв чөлөөтэй байх бөгөөд 20 минутаас хэтрэхгүй, шинийг эрэлхийлсэн содон хийцтэй, ямар нэг байдлаар давтагдаагүй, дуураймал бус, өвөрмөц байх ёстой гэсэн шаардлагыг тавьж буй. Өнгөрсөн жилийн “Алтан хальс олон улсын андерграунд кино наадам”-д нийт 33 бүтээл хүлээн авч, бүгдийг нь толилуулсны дараа ялагчийг тодруулж байсан. Тэгвэл энэ жилээс эхлэн шүүгчдийн баг бүртгүүлсэн бүх бүтээлийг үзсэнийхээ дараа “Уралдаант хэсэгт өрсөлдөх” бүтээлүүдийг нэрлэж, улмаар тэдгээр киног үзүүлэхээр шийджээ. Бүтээлүүдийг энэ сарын 20-оос тавдугаар сарын 15 хүртэл хүлээж авах бөгөөд “Алтан хальс олон улсын андерграунд кино наадам” зургадугаар сарын 6, 7-нд болох юм.
Сонгодог болон артхаус киног монголчуудад таниулах зорилготой “Алтан хальс” холбоо нь байгуулагдсан цагаасаа хойш “Dreamers” Day” арт кино өдөрлөг тасралтгүй зохион байгуулж, “artfilm.mn” арт киноны сан-цахим хуудас ажиллуулсан бөгөөд Франц хэлтэй орнуудын кино наадам, Европын кино наадам, Улаанбаатар олон улсын кино наадмыг хамтран зохион байгуулж байсан билээ.