“Никель” Ганбаа 1990-ээд оны эхээр фосфортой мэт гэрэлтдэг, ногоон өнгийн нүдтэй болж, нэлээд гангарсан. Контакт линз гэдэг зүйлийг мэдэх хүн хуруу дарам цөөхөн байсан тэр үед түүнийг харсан нэгэн цэнгээний газрын хамгаалагч нар айж, цочиод сүйд болсон гэдэг. Тэгвэл өдгөө цаг өөр болсон. Өдөрт нүднийхээ өнгийг хэдэн өнгөөр нь алаглуулаад явсан ч гайхах хүн гарахгүй биз.
Монгол охид, бүсгүйчүүдийн хамгийн чухал гангараа болсон контакт линзийг давсан өөр нэгэн дэвшил гарсан нь европчуудыг баярлуулж байна. Юу гэхээр хар, бор өнгийн нүдийг лазерын тусламжтайгаар ердөө 20 секундын дотор цэнхэр болгох юм байна. Мөн Европ зүгийнхний дуртай ногоон өнгийг сонгож ч болох гэнэ. Ийм технологийг бүр 1980-аад онд Америкийн биологийн ухааны доктор Грег Хомер санаандгүй бодож олсон байдаг.
Тэрбээр арьсан дээрх толбыг лазерын туяагаар эмчилж байхдаа нүдний өнгийг энэ аргаар өөрчлөх боломжтойг мэджээ. Үүнийхээ үр дүнг өдгөө цэнхэр, ногоон нүдтэй болохыг мөрөөддөг цөөнгүй хүнд үзүүлжээ. Туршилт аюулгүй нь батлагдсан ч боловсронгуй болгох шаардлагатай аж.
Түүнийг шийдсэний дараа цэнхэр нүдтэнүүдийг “үйлдвэрлэж” эхлэх гэнэ. Үнэ нь 5000 доллар. Дашрамд дуулгахад, дэлхийн хүн амын 90 хувь нь хар болон бор нүдтэй гэсэн судалгаа байна.
Ж.ХААН