2015 онд нар, сар дөрвөн удаа хиртэхээс хамгийн эхнийх нь буюу нарны бүтэн хиртэлт өнгөрсөн баасан гаригт Улаанбаатарын цагаар 18.44-19.04 цагийн хооронд боллоо. Нар хиртэлт гэдэг нь нар, дэлхий хоёрын хооронд сар орж, нарны зарим хэсгийг болон бүхлээр нь халхалж, сарны сүүдэр дэлхий дээр тусах үзэгдэл юм. Нар бүтэн хиртэх үед цаг агаар хүйтэрч, харанхуй болон тэнгэрт од харагддаг. Гэхдээ бүх газарт ийм үзэгдэл болохгүй.
Тухайлбал, нарны бүтэн хиртэлтийг 100 хувь гэж үзвэл энэ удаагийн хиртэлтийн зөвхөн 20 хувь нь л манай улсын Увс, Ховд, Хөвсгөл аймгийн баруун нутгаар нар жаргах үетэй давхцан ажиглагджээ. Улаанбаатарт нар хиртэлт төдий л мэдэгдээгүй юм. Нарны хиртэлт хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар манайд хийсэн ямар нэг судалгаа байдаггүй аж. Харин Их Британийн эрдэмтэд энэ үеэр гар утсаараа сельфи хийвэл сохрох аюултай гэж анхааруулжээ.
Нар хиртэлтийн талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлээс тодрууллаа.
-Нар жилд хэдэн удаа хиртдэг вэ?
-Жилд 2-5 удаа хиртдэг. Жилд таван удаа хиртэх нь маш ховор. 2206 онд нар хиртэлт таван удаа тохионо. Нэг сард хоёр удаа хиртэж болдог. Тухайлбал, 2000 оны долдугаар сарын 1, 31-нд нар хиртсэн. МЭӨ 2000 оноос МЭ 3000 он хүртэлх 5000 жилд нар 11.898 удаа хиртсэн. Үүний 4200 нь хагас, 3956 нь цагариган, 3173 нь бүтэн, 569 нь холимог хиртэлт байжээ. Холимог хиртэлт гэдэг нь нарны цагариган хиртэлт тодорхой хугацаанд үргэлжилж байгаад бүтэн болох үзэгдэл юм. Нарны дүгэргийг сар бүтэн хааж чадахгүй бол цагариган хиртэлт, бүтнээр нь хаавал бүтэн хиртэлт болдог гэсэн үг. Харин хагасыг нь хааж байвал хагас хиртэлт юм.
-Энэ удаагийн нарны бүтэн хиртэлт хаана хамгийн сайн харагдсан бол?
-Нарны бүтэн хиртэлтийн зурвас нь Атлантын далайн хойд хэсгээс Норвегийн арлуудаар дамжиж, Хойд мөсөн далай руу чиглэсэн байсан. ОХУ-д нарны хиртэлт 60- 80 хувьтай харагдлаа.
-Давтамжийн хугацаа нь хэдэн жил байдаг вэ?
-Манайд тод ажиглагдсан нарны хиртэлт 1997 оны гуравдугаар сарын 9 болон 2008 оны наймдугаар сард болсон. Нарны хиртэлт гурван үеийн дараа буюу 54 жил 34 хоногийн дараа нэг байрлалдаа давтагддаг. Ингэхээр 1997 оны гуравдугаар сарын 9-нд болсон нарны хиртэлт 2051 оны дөрөвдүгээр сарын 1-нд давтагдана.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ