Өдөр шөнө тэнцэж, нар наашлах цагаар казах үндэстэн Нарны баяр Наурызаа тэмдэглэдэг. Энэ баярт зориулсан “Домборын эгшиг-2015” урлагийн тоглолт өнгөрөгч бямба гаригт Соёлын төв өргөөнд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлэхдээ “Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн болон орон даяар энэхүү тоглолтоо үзэх гэж байгаа нийт иргэддээ хаврын баяр, Наурызын баярын мэнд хүргэж, чин сэтгэлээсээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Та бүгдийн маань буян заяа үргэлж дэлгэрч байх болтугай. “Наурыз мейрамы құтты болсын! Ақ мол болсын” гэсэн Наурызын баярын мэндчилгээг та бүхэнд дахин дэвшүүлье” гэсэн юм. Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан эл тоглолтод гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Д.Ганхуяг, С.Боорой, соёлын тэргүүний ажилтан Л.Байзда, Б.Айган, ДБЭТ-ын дуучин М.Толхын, Баян-Өлгий аймгийн бүжиг дэглээч, бүжигчин Я.Айнур багштай "Хара жорга" бүжгийн хамтлаг, Морин хуур, домборын чуулга болон Улаанбаатар хотын 20 гаруй их, дээд сургуулийн авьяаслаг оюутан, залуучууд оролцов.
Нарны баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн “Жана өлке” захад энэ сарын 17-18-нд ОХУ-тай хамтран яармаг худалдаа, 19-нд сур харвааны тэмцээн, 20-нд улсын заан Т.Абдигажийн нэрэмжит бөхийн барилдаан, 21-нд “Алтайн бүс нутаг дахь казахуудын хөгжлийн өнөөгийн байдал, хэтийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал, өнөөдөр дээд гурван насны хурдан морьдын уралдаан зохион байгууллаа. Өнгөрсөн Цагаан сарын баяраар болсон уралдааны үеэр гурван хүүхэд мориноос унаж, нэг нь гэмтсэн тул энэ удаагийн уралдааныг Ховд голын нөгөө эрэгт элдэв бартаагүй газар зохион байгуулжээ. Морины хүүхдүүдийг хамгаалалтын хувцасаар бүрэн хангах, өөрөөс нь зөвшөөрөл, эцэг эхээс нь гарын үсэгтэй бичиг авах зэрэг шаардлага тавьсан гэнэ. Морь дагаж машинаар давхихыг хориглож, зөвхөн эмч, цагдаа, ажиглагч суулгасан таван машин дагахыг зөвшөөрчээ. Харин өнөөдөр тус аймгийн төв талбайд хөдөлмөрчдийн парад болов.