Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын гурав дахь зочиноор “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга уригдаж, залуустай нээлттэй ярилцлаа.
“Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга”Хүнд өгч болох хамгийн том бэлэг цаг хугацаа байдаг. Үнэтэй цагаа зориулан ирсэн залуустаа талархая. Амьдрал тэр чигтээ сонголт байдаг. Тиймээс залуус та бүхэнтэйгээ сонголтоо хэрхэн зөв хийх тухай ярилцах болно” гэлээ.
Тэрбээр амьдрал 1000 сонголтын үр дүн гэдгийг онцлоод, сонголтыг анхнаас нь зөв хийх хэрэгтэйг зөвлөв.
Сонголтын өмнө эргэлзээ байх нь зүйн хэрэг, харин сонголтын дараа түүндээ үнэнч байх хэрэгтэйг мөн онцоллоо.
Түүний хувьд хорин настайдаа банкны салбараас ажлын гараагаа эхэлж, 23 насандаа удирдах албан тушаалд томилогдож байжээ. Тэрбээр банкны салбарт олон шинэ үйлчилгээг саннаачлан нэвтрүүлж байсан шинийг санаачлагч,амжилттай яваа залуу удирдагч юм.
Мөн тэрээр англи, герман,орос хэлтэй юм. Англи хэлийг ямар ч сургалтад суулгүйгээр бие даан судалжээ.
“Сүү” ХК-ийн гүйцэтгэх захиралаар томилогдоод жил гаруй хугацааг үдэж байгаа тэрбээр цаашдын зорилгоо залуустай хуваалцлаа.
Түүний лекцнээс эх орныхоо хөгжлийн төлөө ихийг хийж бүтээх чин хүсэл, хөдөлмөрч байдлыг харж болох юм. Учир нь тэрээр ирээдүйн төлөвлөгөөгөө тав, таван жилээр гарган, түүнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлөж яваа нэгэн.
Хэдэн хэдэн салбарт хүч сорьж байсан Б.Гантулга дахин цоо шинэ мэргэжилтэй болох гэж байгаагаа залуустай хуваалцлаа.
Магистраар суралцахдаа сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр суралцах бодолтой байгаагаа мөн дуулгасан.
Хэрэгтэй зүйлээ сонгох уу. Дуртай зүйлээ сонгох нь зөв үү зэрэг асуултыг залуус лекцний үеэр түүнд тавилаа. Харин Б.Гантулга хүн өөрийн дуртай зүйлээ сонгох хэрэгтэйг захилаа.
Лекц өндөрлөсний дараа ч залуус түүнээс асуух,зөвлөх зүйл олон байгаа харагдсан.
М.Болор
HTML-