Монгол циркийн хөгжлийн төв, Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулж байгаа “Дэлхийн цирк Монголд 2015” тоглолтын тасалбар аль хэдийнэ дуусчээ. Эхний тоглолт нь энэ сарын 23 буюу Даваа гаригт эхлэх боловч тасалбар нь хоёр хоногийн өмнө дуусаж, кассаа хаасан байжээ. Тэгвэл зохион байгуулагчид үзэгчдийн эрэлт болон хүсэлтийг харгалзан энэ тоглолтыг дахин долоон хоног сунгахаар болсон байна. Маргааш буюу ням гаригийн өглөөнөөс эхлэн гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 5 хүртлэх “Дэлхийн цирк Монголд 2015” тоглолтын тасалбар худалдаанд гарах юм. Тасалбарын үнэ 15000, 20000, 30000 хэвээрээ байгаа.
Дашрамд нь сануулахад, энэ тоглолтын тасалбарыг зөвхөн Монголын үндэсний циркийн кассаар худалдаж байгаа бөгөөд хувь хүнээс худалдан авсан тасалбар хуурамч байх магадлалтайг сануулъя.
БНАСАУ, АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам зэрэг 12 орны 60 гаруй жүжигчин болон сургуультай амьтад оролцох “Дэлхийн цирк Монголд” тоглолт маргаашнаас үзэгчдээ угтан авч, циркийн манежийг дүүргэх нь ээ.