Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, дуун хөрвүүлэгч Жамсрангийн Гэндэндарамын нэрэмжит “Билэгт гүүш” шилдэг орчуулгын шагнал гардуулах арга хэмжээ өчигдөр Гадаад хэргийн яамны ёслолын танхимд боллоо. Оюуны бүтээлийн, тэр дундаа орчуулгын зохиолын үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой анхны шалгаруулалтад 21 орчуулагчийн сүүлийн дөрвөн жилийн дотор хэвлэж олны хүртээл болгосон 40 бүтээл ирсэн байна. Хоёр жил тутам олгох “Билэгт гүүш” шагналын анхны эзнээр Ф.М.Достоевскийн “Солиот”, Орхан Палиукын “Хар домог” романыг орчуулсан нэрт дуун хөрвүүлэгч Ц.Гомбосүрэн тодорчээ. Тэрбээр “Солиот” романыг орос хэлнээс, “Хар домог”-ийг англиас орчуулсан бөгөөд түүнд “Билэгт гүүш” цом, гурван сая төгрөг, өргөмжлөл гардуулжээ.
Уг нь эл шагналын эзэнд таван сая төгрөг хүртээх ёстой ч анхны удаагийн шалгаруулалт учраас нэмээд хоёр хүнийг тусгайлан урамшуулахаар шийдсэн гэнэ. Тийнхүү “Билэгт гүүш” шагналын тусгай байрт орчуулагч Д.Болдбаатар, Ж.Нэргүй нар шалгарч, тус бүр нэг сая төгрөг гардсан байна. Д.Болдбаатарын хувьд “Хятадын эртний сонгодог зохиол”, “Гурван улсын үлгэр” романыг хятад хэлнээс, Афган гаралтай зохиолч Халед Хоссенийн “Цаасан шувуу наадуулагч”, “Мянган нарны цацраг”, “Уулсын цуурай” бүтээлийг англи хэлнээс орчуулсан юм. Харин орчуулагч Ж.Нэргүй “Алтан ордны яруу найраг”, “С.Есениний Сонгомол шүлгүүд”, “Италийн сэргэн мандалтын үеийн туурвилууд” зэрэг бүтээлийг орос хэлнээс орчуулсан билээ.