НҮБ-ын Ерөнхий ассамблей гуравдугаар сарын 20-ны өдрийг “Аз жаргалын олон улсын өдөр” болгох тогтоол гаргасан байдаг.
Бутаны вант улсын санаачилгаар НҮБ-ын 193 гишүүн орны төлөөлөгчид энэхүү шийдвэрийг санал нэгтэйгээр баталжээ.
Ерөнхий ассамблейн тогтоолд тэмдэглэснээр улс орнуудад энэ шинэ баярыг зохих хэмжээнд боловсрол ба гэгээрүүлэх хөтөлбөрийг ашиглан тэмдэглэж байх зөвлөмжийг өгч байгаа юм.
Тэгвэл манай улс өнгөрсөн жилээс дэлхийн “Аз жаргалын өдөр”-ийг тэмдэглэж ирсэн. НҮБ-ын гаргасан энэхүү шийвэрийн дагуу “Аз жаргалын зам” ТББ санаачилан энэ жил хоёр дахь удаагаа тэмдэглэхээр болсон байна.
Аз жаргалын ТББ-ын тэргүүн Д.Баясгалан “Манай байгууллагын зүгээс “Дэлгэр сайхан Монголдоо аз жаргалтай амьдарцгаая” уриалга гаргаж байгаа. Өдөр тутам бидний тархинд стресс идэвхжиж байна. Хүн срессийг далд ухамсар, оюун санаа, зүрх сэтгэлдээ баллуурдаж болохгүй мэтээр суулгачихсан байгаа юм л даа. Бид аливаа зүйлийг “стрессийн нүдний шил”-ээр хардаг болжээ. Ингэвэл хэзээ ч аз жаргалтай болохгүй. Харин тэр бий болгосон сэтгэлгээгээ өөрчилж, бүх зүйлийг ариун, нандин,тунгалагаар харвал энэ нь аз жаргалын боловсрол юм. Хэвлэл мэдээллээр үзэж байгаа зүйлийн дийлэнх хувь нь сөрөг мэдээлэл байдаг. Тиймээс эерэг сэтгэлгээнд суралцахыг НҮБ уриалж, дэлхий даяар энэ хөдөлгөөн давалгаалж байна. Бид бүхэн ч үүнд нэгдэж байгаа. Социализмийн үед манай улс аз жаргалтай орны эрэмбээр 54-т жагсдаг байсан бол одоо 146 болж ухраад байна” гэж ярилаа.
Дэлхий нийтээрээ аз жаргалтай байх энэ өдөр тус байгууллагаас уриалга гаргажээ. Тодруулбал, аз жаргалын захидалын давалгаа, сөрөг сэтгэгдэлгүй, хорт зуршилгүй эрүүл зөв өдрийг өнгөрүүлэхийг уриалж байгаа юм.
Энэ өдөр бие биедээ чин сэтгэлээ илэрхийлж, аз жаргалын захидал илгээж болох юм. Мөн интернэтээр сөрөг сэтгэгдэлтэй коммент үлдээхгүй байх, бусдыгаа хүндлэн архи тамхигүй нэг өдрийг өнгөрөөх санаачилга гаргажээ.
Мөн “дэлхийн аз жаргалын өдөр”-ийг тохиолдуулан “гэгээн үйлстэн” шалгаруулах ёслолын арга хэмжээг энэ сарын 25-нд “Blue sky” цогцолборт зохиохоор болсон аж.
Хүмүүсийн оюун санааны хөгжилд зохих хувь нэмрээ оруулж, эерэгээр манлайлж буй байгууллага, хамт олон, хувь хүмүүсийг дэмжих,тэдний хийж бүтээсэн шударга, гэгээн үйлсийг аз жаргалын үзэл санаан дор нэгтгэн олон нийтэд сурталчилах юм байна.
М.Болор
HTML-