“Дундгол” продакшны продюсер Б.Батболд пянз цуглуулагчдад зориулан хөгжмийн дэлгүүрээ нээлээ. Тус дэлгүүрт зарж буй бүх пянз түүний хувийн цуглуулгынх бөгөөд тэрбээр сонирхол нэгтнүүддээ мэдээлэл солилцож, цуглуулгаа арвижуулах боломж олгохыг зорьсон аж. 1990 оноос өмнө Монголд оруулж ирсэн пянзнуудаас эхлэн ардын, жааз, сонгодог хөгжмийн гээд олон төрлийн сонголттой байна.
Мөн “Deep purple”, “Led zeppelin’’, “Баян Монгол”, “Соёл-Эрдэнэ” зэрэг хамтлагийн уран бүтээл ч харагдлаа. Түүнчлэн Монголд төдийлөн олддоггүй пянзны нэмэлт хэрэгслийг ч эндээс авч болно. Сүүлийн үед дэлхийн хэмжээнд пянз сонирхогчид нэмэгдэж байгаа гэнэ. Энэ нь дуу хөгжим тоон систем рүү шилжиж, хүссэн хэн ч худалдан авах боломжтой цахим хуудсууд бий болсонтой холбоотой.
Гэвч үүнд хөгжмийн дуугаралтын чанар мууддаг сөрөг тал бий. Харин пянзаар илүү чанартай хөгжим сонсож болохоос гадна олон жил ашиглаж, өвл үүлж ч болох үнэ цэнэтэй тул хөгжим сонирхогчдын таалалд нийцдэг биз ээ.
Пянз сонирхогчид Монголд ч нэмэгдэж байгаа гэсэн. Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, зураач С.Цогтбаяр, Д.Уртнасан гээд пянзны арвин цуглуулгатай хүн манайд олон.
Х.ЦОЛМОН