Ботгоо голсон ингэнд үр төлийг нь авахуулахдаа хуур татаж, хөөсөлдөг манай ардын уламжлалт зан үйл гадаадынхны нүдийг бүлтийлгэж, Монгол хэмээх нэрийг Холливудад дуурсгасан бүтээл бол “Ингэн нулимс”. Мал адгуустай харилцахдаа хөгжим, дуутай хослуулдаг, хүний хэл мэдэхгүй амьтан хүртэл түүнд нь уяраад том том нулимс мэлмэрүүлдэг энэ гайхамшигт зан үйл өдгөө бараг мартагдаад буй. Тиймээс үүнийг ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэхээр багагүй хугацаанд судалсны эцэст саяхан нэр дэвшүүлэх саналаа явуулжээ.
Ингэ хоёр жилд нэг удаа төллөдөг. Бас ингэ ботгоо төрүүлэхдээ их зовдог учраас хөл хүндтэй эмэгтэйг ойр хавьцаа нь байхыг цээрлэдэг уламжлалтай ард түмэн бол монголчууд. Тэгтлээ зовон байж төрүүлсэн үрээ голчихоод дэлэн нь хагартлаа чинэрэх ингэ, эхийнхээ халуун сүүг амлаж чадахгүй дэмий л ойр хавьд нь бараадах хөөрхий ботго хоёрыг “амьдын хагацал”-аас аврах өвөрмөц аргыг манай өвөг дээдэс олж чадсан нь энэхүү зан үйл билээ.
Бас эх нь ямар нэгэн шалтгаанаар үгүй болсон өнчин ботгыг ийм маягаар ингэнд авахуулдаг ёсон буй. Тиймээс энэ бол ганц монголчуудад төдийгүй хүн төрөлхтөнд үнэ цэнэтэй уламжлал юм. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос 2015 онд хоёр өвөө дэлхийд данслан бүртгүүлэх саналаа илгээсний нэг нь ингэнд ботго авахуулах зан үйл бол нөгөө нь Бурхан халдун уул.
Бурхан халдуныг Дэлхийн өв газрын жагсаалтад бүртгүүлэх саналаа нэлээд эрт явуулсан бөгөөд ирэх зургадугаар сард ЮНЕСКО-гийн бага хурлаар эцэслэн шийдэх аж. Харин ингэнд ботго авахуулах зан үйлийг арваннэгдүгээр сард болох хуралдаанаар хэлэлцэх гэнэ.
Л.ГАНЧИМЭГ