Аливаа улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, төрийн сүр хүчийг цэрэг эрсийнх нь жавхаа хийморь илтгэдэг биз ээ. “Байлдагчийн халаасанд генералын мөрдэс” үзэсгэлэнгийн танхимд ороод өөрийн эрхгүй ийнхүү бодлоо. Дэлхийн түүхэнд цэрэг арми үүссэн цагаас л тусгай дүрэмт хувцастай болсон нь бусдаас ялгарах, дайтах ажиллагаанд сүр хүч нэмэхээс гадна, бэлгэ тэмдгийн агуулгатай аж. Үзэсгэлэнд Монгол ардын журамт цэрэг, Монгол Ардын хувьсгалт цэрэг, Ардын цэрэг, Монгол Ардын арми, Зэвсэгт хүчин болон Үндэсний аюулгүй байдлын дүрэмт хувцас, болон цол тэмдгийн өөрчлөлт, шинэчлэлтийн түүхийг дэлгэн толилуулжээ.
Тухайн цаг үе, нийгэм, дайн байлдааны нөхцөл байдлаас хамааран тодорхой журам, тогтоол, Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн хувцас өөрчлөгдөж ирсэн түүхтэй. Тухайлбал, 1911 онд цэргүүд дээл хантааз өмсдөг байжээ. Хамгийн сонирхолтой нь мөрдэс дээр шар, улаан утсаар “Ум аа хум сухаа” хэмээн тарнийн дөрвөн үсэг хатгасан байх юм. Үүнээс арван жилийн дараа буюу 1921 онд Цэргийн яамны тэргүүн сайд, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар “Цэргийн дарга нараас форм ба ханцуй тэмдгийг ёсчлон хэрэглэх учрыг зарласугай” хэмээн тушааснаар дарга цэргийг хэргэм зэргээр нь ялгах, таних тэмдэгтэй болгожээ.
Дараа нь 1923 онд ханцуйдаа хас тэмдэгтэй, их бууны зурагтай болж шинэчлэгдсэн байна. Ийнхүү үндэсний загвартай цэргийн хувцас, европ хэлбэртэй болж өөрчлөгджээ. 2011 оны гуравдугаар сарын 15-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дэслэгч цолтны ёслолын, хавар намрын, хээрийн дижитал дүрэмт хувцас батлагдсан байдаг. “Цэргийн дүрэмт хувцас нь төрийн өмч бөгөөд цэргийн эд хөрөнгө мөн” хэмээн заасан байдаг нь зэвсэгт хүчин, цэргийн алба хаагчдыг хүндэтгэх, төрөө дээдлэх бэлгэдлийн гүн гүнзгий утгатай.