Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар ОХУ-ын Буриад улсад зохион байгуулсан эстрадын дуу дуулаачдын олон улсын уралдаанд оролцож гран при хүртжээ. Хоёр жил тутамд зохион байгуулдаг “Белый месяц” уралдаанд 18-35 насны уран бүтээлчид оролцдог аж. Уралдааны талаар түүнээс тодрууллаа.
-Тэргүүн шагнал хүртсэнд баяр хүргэе. Хэдэн уран бүтээлч оролцсон бэ?
-Хэчнээн дуучин өрсөлдсөнийг мэдэхгүй юм. Хойд хөршийн холбооны улсууд болон БНХАУ, БНСУ, Казахстаны дуучид оролцсон. Хакас болон БНСУ-ын дуучид хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Хакасын дуучин бүсгүй нэгдүгээр байр эзэлж, Татарстаны залуу удаалсан.
-Та төгсгөлийн шатанд ямар дуу дуулсан бэ?
-“Харанга” хамтлагийн Ц.Чулуунбат ахын зохиож өгсөн “Донжтой бүсгүй” рок н ролл дуугаар оролцсон. Энэ дашрамд, намайг дэмждэг Чука, Н.Халиун, Б.Наранзун ах, Б.Дашдондог багшдаа баярлаж явдгаа хэлмээр байна.
-Монголоос шүүгч оролцсон уу?
-Тийм ээ. Долоон шүүгчээ Монгол, БНСУ, Буриадаас сонгосон юм билээ. Б.Наранзун ах шүүгчээр ажилласан.
-2013 онд Т.Амина энэ наадамд оролцож, тэргүүн байрын шагнал авсан юм билээ. Монголоос урьд нь хэн, Н.Наранбаатар гран при хүртлээ хэн шагнал хүртэж байсан юм бэ?
-Яг ямар шагнал хүртэж байсныг мэдэхгүй. Ямартай ч Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг эгч, С.Сэрчмаа, Б.Маралжингоо, Э.Агиймаа болон “Гурван охин” хамтлаг оролцож байсан юм билээ. Монголоос анх удаа гран при хүртэж байна гэж “UBS music”- ийнхэн хэлсэн.
-Та ойрын хугацаанд юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Шинэ цомог хэвлүүлэх ажилдаа эргэлт буцалтгүй орсон. Одоогоор гурван дуу бэлэн болсон. Жааз, классик поп өнгө төрхтэй цомог ирэх намар худалдаанд гарах байх. Чука, Б.Наранзун ах, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин А.Болорхүүтэй хамтарч ажиллаж байгаа.
Б.ДӨЛ