Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг угтаж МАН-аас “Цэрэг эрс Танаа” хүндэтгэлийн арга хэмжээг Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр зохион байгууллаа.
МАН-ын дарга М.Энхболд хүндэтгэлийн арга хэмжээг нээж, хүрэлцэн ирсэн зочид болон ахмад дайчид, зэвсэгт хүчний нийт генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, энхийг сахиулагч нарт баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ, "Монгол цэргүүд маань өнөөдөр эх орноо үнэнчээр батлан хамгаалах их үйл хэргийг хөтлөхийн зэрэгцээ Энхийг сахиулах ариун үйлсэд өргөнөөр оролцон дэлхийн халуун цэгт алдар суугаа мандуулж явна. Энэ бол монгол цэрэг дэлхийн цэрэг болсны тод жишээ юм. Өнөөдөр улс орныг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах үзэл, номлол шинэчлэгдэн, Зэвсэгт хүчний хөгжилд зарчмын томоохон өөрчлөлтүүд хийгдэж, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдэж чадсан. Зэвсэгт хүчний болон бусад хүчний байгууллагын албан хаагчдын орон сууцны хангалтын асуудал, сургалтын асуудал, цалин, тэтгэвэр, нэмэгдэл гэх мэт нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд МАН санаачлагч нь байж, идэвхтэй оролцож ирсэн бөгөөд цаашид ч хийхээр төлөвлөсөн олон ажил, боломж байгаа. Энэ чиглэлээр манай нам тодорхой, бодитой алхмууд хийж хэрэгжүүлэх болно” гэдгийг онцоллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд зэвсэгт хүчин, хил хамгаалах, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, онцгой байдлын албанд ажиллаж байсан бэлтгэл болон чөлөөнд байгаа 800 гаруй ахмад, түүний дотор 22 генерал оролцсон юм. Ойн баярыг тохиолдуулан МАН-ын дээд шагнал Тусгаар тогтнолын одон, Эх орны төлөө, намын Тэргүүний ажилтан, Ахмад зүтгэлтэн тэмдгээр нийт 40 гаруй хүнийг шагнаж урамшууллаа. Мөн энэ үеэр Цагдаагийн “Сүлд” чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөж мэндийн цэнхэр хадаг өргөв.