Сан-Францискод болсон гутлын загвар зохион бүтээх тэмцээнээс монгол бүсгүй шагнал хүртжээ. Тодруулбал, Австралийн “Shoes of prey” гутлын компани Сан-Франциско хотод салбар дэлгүүрээ нээх болсонтой холбогдуулан гутлын загвар зохион бүтээх тэмцээн зохион байгуулж, зургаан төрөлд шагнал гардуулсан байна. Тус хотод амьдардаг Г.Өнөржаргал 31 загвараар оролцсоноос “Smoking slipper” бүтээлээрээ “СанФранциско загвар” шагнал хүртсэн гэнэ.
Австралид төвтэй компани хэрэглэгчдэд өөрийнх нь зохион бүтээсэн загварыг санал болгодгоороо онцлог аж. “Энэ их ухаалаг бизнес юм. Үйлчлүүлэгч тусгай программ ашиглан өөрөө гутлынхаа загварыг зохиож, уг компанийнхнаар урлуулдаг юм байна. Америкийн томоохон хотууд болон Японд салбараа нээхээр төлөвлөж байгаа гэсэн. Би Монголд салбар дэлгүүрээ нээж болох юм гэж санал тавьсан” хэмээн Г.Өнөржаргал хэлсэн. Түүний шагнал хүртсэн загварыг 164 еврогоор худалдаж байгаа аж. Сонирхуулахад, түүний аав нь соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Гомбо, ах нь сэтгүүлч Г.Золжаргал аж.