Монгол-Японы соёлын төвд энэ сарын 20-ны бямба гарагт ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын тав дахь удаагийн тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалт тэмцээн болно.
Монголын оюун ухааны академиас санаачлан жил бүр зохион байгуулдаг тус тэмцээнд энэ удаад 120 тамирчид бага, дунд, насанд хүрэгчид гэсэн ангилалд ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөнө. Эндээс шалгарсан 50 тамирчин дөрөвдүгээр сарын 4-нд эцсийн шалгаруулалтад оролцож шилдгүүдээ тодруулна. Монголын оюунлаг хүүхэд, залуусыг дэмжих, эх орныхоо нэрийг дэлхийн түвшинд гаргах оюуны спортын тамирчдыг тодруулах, хүн бүр оюуны чадамжийг дээд зэргээр ашиглаж болно гэдгийг харуулахад тус тэмцээний зорилт оршино.
УАШТ нь нэр-царай, тооны марафон, хийсвэр зураг, дуут цифр, багц хөзөр, түүхэн үйл явдал, багананд өгөгдсөн үгс, хөзрийн дараалал зэрэг харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгах нийт 10 төрлөөр явагдана. Тэмцээний ерөнхий шүүгчээр Ой тогтоолтын спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатар ажиллана. Тамирчдын гаргасан амжилт нь дэлхийн чансаанд бичигдэх юм. Тэмцээний ивээн тэтгэгчээр оюуныг дэмжигч Мөнхийн үсэг ХХК, Rapid Development Group, Төгс Эрдэм сан оролцох бөгөөд мэдээллийн ивээн тэтгэгчээр За телевиз, olloo.mn сайт ажиллаж байна.
Дашрамд дурдахад, Монголын оюун ухааны академи өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд оюуны спортын 40 гаруй тэмцээн уралдаан дотооддоо зохион байгуулж 1500 гаруй тамирчдыг хамруулан олон улсын чанартай 30 гаруй тэмцээнд нийт 45 тамирчдыг бэлтгэн оролцуулжээ. Ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлагын олон улс, дэлхий, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж 349 медалийг хүртэн эх орноо олон улсад амжилттай сурталчилсан. Өнөөдөр тус байгууллага нь оюуны спортын ОУ-ын Их Мастер нэг, Их Мастер тав, ОУ-ын Мастер нэгийг төрүүлсэн амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн дунд насны ангилалд дэлхийн 17 рекордын 14-ийг нь Монгол тамирчид эзэмшиж байна. Тухайлбал, 2014 оны 12 дугаар сард БНХАУ-ын Хайнань мужид зохион байгуулсан 23 дахь удаагийн Ой тогтоолтын ДАШТ-д 15 хүний бүрэлдэхүүнтэй оролцож 10 төрлөөр оюун ухаанаа уралдуулж нийт 60 медалиас 29 медалийг хүртэж 17.633 оноогоор Монголын баг 26 улсаас дэд байрт шалгарсан юм.