“Нэр нэгтийн чих нэг” буландаа урлагийн салбарын дайчин бүсгүйчүүдийн төлөөлөл Дэлгэрцэцэгүүдийг урилаа. “Хэнтийн өндөр ууланд”, “Үлэмжийн чанар”, “Гоолингоо” зэрэг хийлийн аялгуугаар олны танил болсон Ч.Дэлгэрцэцэг, гитар хөгжим барьж “Дурлал чи юу хүснэ вэ” хэмээн дуулдаг Daisy буюу Д.Дэлгэрцэцэг нар дараах ижил асуултад хэрхэн хариулсныг сонирхоно уу. Хийл болон гитар хөгжмөөс ялгаатай ая эгшиглэдэг шиг тэдний үзэл бодол, хариулт ч ялгаатай байлаа.
1. Нэртэйгээ холбоотой сонирхолтой дурсамж байвал хуваалцахгүй юу. Ижил нэртэй хүмүүс ижилхэн хочтой байх тохиолдол байдаг болов уу?
2. Яг одоо хэн нэгэнд зориулж гараараа захиа бичээч гэвэл чин сэтгэлээ уудлах хүн байна уу?
3. Танд байнга шахуу бодогддог дурсамж бий юү?
4. Эмэгтэй, эрэгтэй хүний амжилтад хүрэх хугацаа ялгаатай гэдэг. Таны хувьд ямар байсан бэ?
5. Дахин шинээр амьдрах боломж олдвол өөр мэргэжил эзэмших үү. Ер нь эзэмшиж буй мэргэжлээсээ өөр ажил хийж үзсэн үү?
6. Фэйсбүүк, твиттерт хэр их цаг зарцуулдаг вэ?
7. Мэргэжлийн үүднээс та хүссэн зорилгодоо хүрч чадсан уу. Хүрээгүй бол хэр их зам үлдсэн бэ?
8. Феминист үзлийн талаар юу гэж боддог вэ?
Мэргэжил минь надаас
эрхэмсэг байдал, өндөр цензур шаарддаг
“Degi’s music school”-ын байранд очтол сурагчдынхаа нэгнийх нь ээж ирлээ гэж бодсон бололтой хийлч Ч.Дэлгэрцэцэг “Сайн байна уу. Өөрөө хэний ээж билээ, би одоохон” гэсээр мэнд мэдэв. Төгөлдөр хуур, хийл, гитар хөгжмийн сургуулиа нээгээд удаагүй байгаа ч тэрбээр сурагчдаасаа “сайн багш” хэмээх дүн авсан гэсэн. “Чи ямар аялгуунд дуртай вэ, хөгжим сонсонгоо ярилцвал сайхан байх” гэж надаас асуугаад “Хэнтийн өндөр ууланд”- ыг сонсгов.
1.“Дэлгэр цэцэг минь дэлхий дүүрэн ургаарай” гэсэн үгтэй дуу намайг төрсөн жил хит болж, тэр үеийн эмэгтэй хүүхдүүдийн олонх нь Дэлгэрцэцэг нэртэй болсон гэдэг. Бага байхдаа дэлдэн Дээгий гэж хочлуулдаг байсан. Гэхдээ Дээгий гэдэгтэй хоршуулах гэж л дэлдэн гэж дууддаг байсан байх. Харин жинхэнэ хочоо хэлмээргүй байна. Нэр нэгтийн чих нэг гэгчээр “Номин талст” хамтлагийн Т.Дэлгэрмөрөн бид хоёрыг хүмүүс их андуурдаг. Тоглолтын үеэр зарим хөтлөгч “Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг, авъяаслаг уран бүтээлч Дээгийгээ урьж байна” гэж зарлахад халзан толгойтой, эрэгтэй Дээгий тайзан дээр гарах жишээтэй.
2.Энэ жилийн Мартын 8-ны баяраар олон зүйл бодогдлоо. Миний эгч, найз биш байсан ч эмэгтэй хүнийх нь хувьд хүндэлж, хайрладаг олон хүн бий. Тэр хүмүүст гараараа захиа бичээд ганц ширхэг сарнай ч болтугай бэлэглэх юмсан гэж боддог. Гэхдээ баярлалаа гэдэг үг амнаас унахдаа харам юм. Үргэлж ямар нэгэн шалтаг, шалтгаан гарч ирдэг. Тэдэндээ захиа бичиж суух үед нулимс гарч, сэтгэл онгойно гэдэгт итгэлтэй байна.
3.Би өнгөрсөндөө амьдрахыг хүсдэггүй. Өөрийгөө их мартамхай гэж боддог. Энэ байдалдаа ч дуртай. Сэтгэлдээ олон зүйл тээж амьдрахыг хүсдэггүй юм. Одоохондоо залуу байгаа юм байлгүй (инээв).
4.Эрэгтэй, эмэгтэй хүний амжилтад хүрэх хугацааг харьцуулж болохгүй байх. Урдаа байгаа боломжийг харж, ашиглаж чадсан хүн бүхэнд амжилт ирнэ. Гэхдээ миний бодлоор эмэгтэй хүнд илүү их боломж байдаг. Үнэн шүү. Учир нь бидэнд маш олон давуу тал бий. Үл үзэгдэх боломжууд үргэлж хажууд эргэлдэж байгаа. Түүнийг олж, барьж авах л хэрэгтэй. Эмэгтэй хүн сайхан байж, өөрийгөө мэдэрсэн байхад хорвоо дэлхий тэр чигээрээ уярдаг гэж боддог.
5.Эвгүй асуулт байна даа. Зарим хүн бусдын дарамт шахалтаар мэргэжлээ сонгодог бол надад тийм асуудал байгаагүй. Хөгжим бүжгийн коллежийн хийлийн ангид балчир байхдаа орсон. Ер нь өөрийгөө урлаг, гоо зүйн салбарын хүн гэдгээ маш сайн мэдэрдэг. Би хэзээ ч зүүн тархины хөгжил шаардсан нягтлан бодогч эсвэл эмч болж чадахгүй байх. Дахин амьдрах боломж олдвол сэтгэл судлаач болно. Дунд ангид сурч байх үеэс сэтгэл судлаач гэх нэр дотно, өөр сонсогддог болсон. Мундаг сэтгэл судлаач болно байх.
6.Фэйсбүүк ашигладаг. Өнөөгийн нийгэм цахим хэрэгсэл ашиглахыг шаардаж байна. Ажил, амьдралд их нэмэр болдог шүү. Саяхан нээгдсэн хөгжмийн сургуулийн тухай танилцуулга, мэдээллийг оруулдаг.
7.Чамлахааргүй хэмжээнд хүрсэн байх гэж боддог. Мэргэжил минь надаас эрхэмсэг байдал, өндөр цензур шаарддаг. Тиймээс намайг сайн, сайхан хүмүүс хүрээлж байна. Түүнчлэн уран бүтээлийг минь сонсож, дэмждэг хүн ч олон бий. Энэ бүхнээс мэргэжлийн хувьд ямар хэмжээнд хүрснийг минь харж болох байх.
8.Үнэндээ би эр хүнийг дэмжиж, тэднийг хүчтэй байгаасай гэж хүсдэг. Эр хүн өөртөө итгэлтэй байвал эмэгтэй хүний орон зай аяндаа бий болдог учраас тэдэнтэй тэмцэлдэж, өрсөлдөхийг хүсдэггүй. Бүх юм байрандаа байвал зөрчилдөөн үүсэхгүй байх.
Урлагийн салбарт ажиллаж байж л
амьд байгаагаа мэдэрдэг
Daisy гэдэг нь хонин нүдэн цэцэг гэсэн үг. Торомгор алаг нүдтэй түүнийг Дээгий гэдэг нэрээр уран бүтээлээ туурвих гэтэл орон зай олдоогүй учраас өөртөө шинэ нэр өгсөн гэдэг. Учир нь хийлч Дээгий, “Номин талст” хамтлагийн Дээгий нар урлагийн салбарт хэдийнэ байраа эзэлсэн байжээ. Тэрбээр “Madness”, “Сансара” зэрэг амьд хөгжмийн хамтлагт дуулж байсан ч сонсогчид түүнийг “Дурлал чи юу хүснэ вэ” дуугаар нь илүү мэддэг. Daisy одоо ая зохиогч нөхөртэйгөө хамт “Ганг рекордс” дуу бичлэгийн студи ажиллуулж байгаа.
1.Бага байхад гэрийнхэн Улаанаа гэж дууддаг байсан болохоор өөрийгөө ийм нэртэй гэж боддог байлаа. Тэр үедээ тоодоггүй байсан ч том болохоороо ичдэг юм билээ. Анх клубт дуулдаг байхад сэтгүүлчид ярилцлага авах гээд залгахаар их гайхна. Гэтэл хийлч Дээгий эсвэл “Номин талст” хамтлагийн Дээгийтэй андуурсан байдаг. Ер нь нэртэй минь холбоотой асуудал их гардаг.
2.Хэдэн жилийн өмнө дотоод сэтгэлээ уудалж, олон хүнд гараараа захидал бичдэг байсан. Сүүлийн үед тийм захиа бичихээ больжээ. Яг одоо захидал бичихээр бол ээждээ зориулмаар байна. Ээжтэйгээ ойр ойрхон уулздаг ч уучлалт гуйж чаддаггүй. Ер нь монголчууд бүгд ийм ичимхий зантай гээд өөрийгөө өмөөрчихдөг юм бил үү.
3.Яг одоо тийм зүйл санаанд буудаггүй ээ. Заримдаа хэт их зүйл бодогддог мөртлөө заримдаа ингээд юу ч санаанд орж ирдэггүй юм. Чи ийм үед асуучихлаа.
4.Эмэгтэй хүн хүүхэд гаргаж, өсгөхөд цаг алддаг гэж ярьдаг. Надад бол хүүхэд төрүүлж, өсгөх нь амжилтын оргил үе шиг санагдсан. Ер нь би бусад хүүхнүүд шиг ялихгүй зүйлд шаналаад байдаггүй. Манлайлал гэдэг тэсвэр тэвчээр, хөдөлмөрөөс л шалтгаална.
5. Жүжигчин эсвэл дуучин болно гэж багаасаа мөрөөддөг байсан. Жүжигчний мэргэжил эзэмшээд дуучин болчихлоо. Өөр мэргэжлээр ажиллаж үзээгүй. Яагаад ч юм урлагийн салбарт ажиллаж байж л өөрийгөө амьд байгааг мэдэрдэг. Дахин амьдрахаар бол сэтгүүлч болж магадгүй юм. Бичих, унших дуртай.
6.Цахим ертөнцөд их идэвхтэй байдаг. Өөрийнхөө үзэл бодлыг өөр хүнээр дамжуулахгүйгээр илэн далангүй илэрхийлэхэд буруу зүйл байхгүй. Олны танил хүмүүс бусад хүн юу гэж бодох бол гэхээс айж, бодсон зүйлээ хэлдэггүй.
7.Энэ талаар бодож үзээгүй юм байна шүү. Дуучин болж, сайхан хань, хүүхдүүдтэй боллоо. Өөр их зүйлд шунах хэрэггүй биз дээ. Урлагийн хязгаар гэж байдаг бол тэр хүртэл нь явна. Гэхдээ энэ бүхнийг цаг хугацаагаар хэмжиж болохгүй байх.
8.Эрэгтэй, эмэгтэй хүний ялгааг нэрлээд дуусахгүй. Ер нь болж бүтэхгүй, ялгаварлан гадуурхагдаж буй байдлыг улстөрчид бий болгодог. Эрэгтэй хүн хүчирхэг учраас эмэгтэйгээ дарж, амжилтад хүргэхгүй байна гэж байхгүй. Ажил, амьдралын хувьд эрэгтэй хүнд дарагдаж, ялгаварлагдаж байгаа зүйл алга.