Бохир заваан орчин, утаа униар, архичин тэнүүлчин, арчаагүй амьдрал гээд шийдэхийг шаардсан олон асуудлыг дагуулсан гэр хорооллын нэгэн суурьшил хэдийнээ бий болжээ.
Хэдийгээр Монгол Улс нүүдлийн соёлтой, гэр гэх уламжлалт сууцтай хэдий ч суурьшмал амьдрал, хот газар тохирохгүй байгааг бид өдөр бүр харж, мэдэрсэн хэрнээ өөр арга байхгүй болохоор нүд, чихээ таглахаас өөр гарцгүй аж.
Гарцгүй ч биш юм. Зөв алхам хийж чадахгүй өдий хүрсэн нь ингэж бодоход хүргэсэн бололтой. Уг нь гэр хорооллыг багасгая, цааш нь тэлэхгүй гэсэн бодлогыг бүгдээрээ л дэмжин, баримталж буй.
Гэхдээ...
Улаанбаатар хотын дийлэнх хүн ам гэр хороолол гэх газар аж төрөн амьдран суудаг. Тиймдээ ч сонгуулийн үеэр улс төрчид маань тэднийг санаад сүйд болно. Үнсэх нь халаггүй үзэж тарна. Харин сонгуулийн маргааш тийм хүмүүс байдаг гэдгийг ч мартсан гэлтэй арилаад өгнө. Хэдэн саналыг нь авсандаа санаа зовсон нэг нь хэдэн удаа эргэж тойрсон болоод, зурагтаар тэдэнд зориулсан хэдэн үг хэлсэн шиг, тэгсхийгээд л бүгд мартана. Харин сонгогчдын маргаашын хоолны төлөөх тэмцэлт амьдрал жилээс жилд яг хэвээр үлддэг. Ер нь гэр хороолол гээд зогсохгүй нийслэл маань тэр чигээрээ ийм байна.
Уг нь сонгуульд оролцсон нам эвслүүд үүнийг л ярьдаг. Харин амлалтад хууртсан ядуу сэтгэлгээ, түүгээр тоглосон улс төрийн шоглоомд эгдүүцэх сэтгэл төрснийг энд илэрхийлэхийг хүслээ.
Иргэдийн энэ ядуу сэтгэлгээгээр тоглогчид бол улстөр.
Монгол Улс хэзээ хөгжих вэ?
Улс хөгжинө гэдэг бол тэнд амьдарч байгаа иргэд нь хөгжихийг хэлнэ. Тэгэхээр бид өнөөдөр улсаа хөгжүүлэхийн тулд эхлээд сэтгэлгээ, оюун ухаандаа, зүрх сэтгэлдээ өөрчлөлтийг гаргах ёстой. Хөгжлийн гогцоо хүндээ л байгаа.
Харин Монгол хүний хөгжил хаана явна вэ?
-Хүн хөгжих, хөгжихгүйг маш олон огтлолцлоор харна л даа. Нэгдүгээрт мэдлэгтэй, боловсролтой байх ёстой. Эрүүл чийрэг байх ёстой. Ажлаа хийх мэдлэг, чадвар, бие нь байлаа гэхэд хүнд сэтгэл байх хэрэгтэй. Улсаас хий хоосон мөнгө хараад суух бус өөрсдөө амьдралынхаа төлөө бага ч гэсэн сэтгэл гаргах хэрэгтэй.
Өнөөдөр дээр дооргүй ядуурал нэмэгдээд байна л гээд яриад байдаг. Миний бодлоор ядуурал бол хүний оюун ухаан, сэтгэлээс үүдэлтэй болов уу гэж боддог. Тэр утгаараа бэлэн мөнгө тараагаад ядуурлаас гардаг, ядуу хүн баян болдог зүйл ерөөсөө байхгүй шүү гэдгийг бид хатуу санаж явах хэрэгтэй. Өнөөдөр нийгэмд үүсээд байгаа сайн, муу бүхий л асуудал хүнтэй холбоотой. Утаа, түгжрэл, хөрсний бохирдол, ядуурал гээд бүгд л хүнтэй холбоотой. Тэгэхээр хүн маань өөрөө сэтгэл дотроо, зүрхэндээ утаа түгжрэлийг арилгаж байж улс орон хөгжих боломжтой болох юм.
Харин Төр засгийн зүгээс хийх ажил бол мэдээж эрүүл мэнд боловсролыг олгохоос гадна аюулгүй байдлыг хангах, ил тод, шударгаар ажлаа явуулах, дэд бүтцийг нь барьж, зах зээл дээр байгаа боломжийг иргэн очоод авах боломжийг бий болгох ёстой. Зам харгуй барих, замын хөдөлгөөний дүрмийг тогтоох, нийгмийн харилцааг тогтоосон дүрмийг тодорхой болгож байж, хувь хүний бизнес эрхлэх, ажил хөдөлмөр хийж, хөрөнгөжих боломжоор хангаж, хамгаалах ёстой. Хий хоосон амлаад л байвал улс чинь хэзээ ч хөгжихгүй шүү дээ. Тэгж байж хувь хүн хөгжөөд дараа нь улс орон хөгжих боломж нээгдэнэ.
Г.Оюунт