Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир “Нар зөв эргэх хорвоо” нэртэй уран бүтээлийн цэнгүүнээ хийх гэнэ. “UB Palace”-ын концертын их танхимд ирэх дөрөвдүгээр сарын 9-нд болох уг цэнгүүнээ найрагч өөрөө “утга уянгын” хэмээн тодорхойлсон. Тэрбээр уран бүтээлийн цэнгүүнээ урьд нь тийм ч олон удаа хийж байгаагүй. Гэхдээ нэг хийхээрээ часхийсэн чанартай “юм” үзэгчдэд хүргэдгийг нь уншигч олон андахгүй. Энэ удаагийн “Нар зөв эргэх хорвоо” цэнгүүнд А.Эрдэнэ-Очир найрагчийн шүлэг, дууны уран бүтээлүүд эгшиглэхээс гадна утга зохиолын элэг, сэтгэл нэгт андууд нь оролцож, яруу найргийн дээжээсээ хүргэх аж. Түүнчлэн Улсын филармонийн симфони найрал хөгжимчид тэргүүтэй олон уран бүтээлч оролцох гэнэ. Гэхдээ найрагч одоохондоо цэнгүүнийхээ онцлог хийгээд үзэгчдэд барих гэнэтийн бэлгээ нууцлахыг хүсэж буй гэсэн.