"Дорнын аялгуу" хятад дуу дуулаачдын VI их наадам өнгөрсөн баасан гарагт Монголын хүүхдийн ордонд болж, шилдгүүдээ тодрууллаа.
Энэхүү наадмыг БНХАУ-ын Олон Улсын Радио, Монгол Улсын Үй Цай бүрэн дунд сургууль болон Күнзийн танхимаас хамтран зохион байгуулав. Энэ жилийн тэмцээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын ерөнхий боловсролын хятад хэлний сургалттай 18 сургуулийн 70 гаруй сурагч оролцож, авьяас ур чадвараараа өрсөлдлөө.
Уралдааныг 6-8, 9-11, 12-14, 15-17 гэсэн насны ангиллаар явуулж, ангилал бүрээс эхний гурван байрыг шалгаруулсан юм.
Уралдааны 6-8 насны ангилалд “Чин хур” сургуулийн сурагч Б.Буян-Ундрах, 9-11 насны ангилалд Үй Цай сургуулийн сурагч Н.Энх-Үжин, 12-14 насны ангилалд Үй Цай сургуулийн сурагч Х.Энэрэл, 15-17 насны ангилалд Үй Цай сургуулийн сурагч Б.Мөнхзул нар тус тус тэргүүн байр эзлэв.
Зохион байгуулагчдын зүгээс уралдааны эхний гурван байр болон тусгай байрыг эзэлж шалгарсан хүүхдүүдэд медаль, гэрчилгээ, мөнгөн шагнал, бэлэг дурсгалын зүйл гардуулсан юм.