“Кино гэдэг бол драматург. Драматург гэдэг бол зөрчил” хэмээн ярих энэ эрхэм өөрийнхөө баримталдаг, бас бодож явдаг зарчмаасаа хазайж, тодруулж хэлбэл зөрчөөд нэг уран бүтээл хийжээ. “Аймшигтай нүүдэл” хэмээх зургаан ангит уран сайхны киногоо саянаас “Юнивишн”-ийн кино санд байршуулж үзэгчдийн хүртээл болгоод буй. Угтаа бол тэрбээр хэзээ ч, аль ч киноныхоо хоёрдугаар ангийг хийнэ гэж бодож яваагүй гэсэн. “Анхны алхам”-ыг үргэлжлүүлье, “Суварган цэнхэр уулс”-ын хоёрдугаар ангийг хийе гээд зохиол бариад ирж байсан хүн олон гэнэ. Гэсэн ч татгалзсан. “Амин мөр”, “Бүлээн нурам”, “Хүн чулууны нулимс” гээд үзсэн хүн нь мартахын аргагүй бүтээлүүдээ тэрбээр “дүү”-тэй болгохыг хүсээгүй. Харин өнгөрсөн онд ардын жүжигчин Г.Жигжидсүрэн “Хүний амь” киногоо үргэлжлүүлж, тэр үед кинонд нь тоглосон жүжигчдээ нэгтгээд шинэ уран бүтээл хийжээ. “Ямар ч киноны хоёрдугаар анги нь нэгдэхээ гүйцдэггүй” гэж Жийгээ найруулагч ярьсан. Тийм болохоор энэ киног “Хүний амь”-ийн үргэлжлэл бус, уран бүтээлч хүний эмзэглэл, үзэл бодлыг тусгасан шинэ кино болгохоор зорьжээ. Мэдээж үйл явдал нь өмнөх ангитайгаа холбогдож таарна. Киноны гол баатрууд Лхүндэв, Саруул, Эрдэнэ XXI зуунд хэрхэн аж төрж байгааг энэ бүтээлээс харж болно. Нас нь хэдийнэ 70 гарсан ч ануухан харагддаг түүнийг “Монгол киноны нэвтэрхий толь”-ио үргэлжлүүлж байгааг энэ ярилцлагын үеэр мэдлээ. Гэхдээ сэтгэлд нь хүрэхгүй л байгаа бололтой. Анхны эмхтгэлд нь багтсан 280 киног алт гэж үзвэл дараагийнх нь 10 гаруйхан жилд бүтээсэн мөн тооны кинонууд юу болох нь тодорхойгүй. Харьцуулахын аргагүй санагдав.
-Киноныхоо нээлтийг албан ёсоор хийлгүй, даруухнаар үзэгчдэд хүргэж буй нь сонирхолтой санагдаж байна.
-Анх нэг ангит уран сайхны кино хийхээр зорьсон. Явцын дунд өргөжиж, хасахад хайран хэсгүүд нэмэгдсээр зургаан ангитай болсон. Дөрвөн цаг үргэлжлэх киног кинотеатрт үзэх хүн олдохгүй биз дээ. “Аймшигтай нүүдэл” кино “Гармаа”, “Саруул”, “Жамух”, “Лхүндэв”, “Эрдэнэ”, “Орших” гэдэг зургаан ангитай. Энэ кинонд Олигархиудын татаасаар төрд шургалж, аймгийн Засаг дарга байгаад УИХ-ын гишүүн болсон Гармаа гэж нөхөр бий. Түүнийг Лхүндэв ивээлдээ авч, өөрийнхөө булхайг хаацайлуулдаг. 39 жилийн өмнө залуусыг буруу зүгт дугтарч явсан Лхүндэв өдгөө уул уурхай, барилга, хүнсний салбарыг хамарсан үйл ажиллагаа явуулдаг том группийн ерөнхийлөгч болсон байна. Өнөөх л буруу замаараа яваа нь тэр. Жамух бол түүний туслах. Гадаадад хар ажил хийж байхад нь Лхүндэв авчирсан бөгөөд одоо түүний юу хий гэснийг хийдэг хүн. Саруул маань будилсаар л явна. Гүрбазарын тоглодог дүр шүү дээ. Харин Эрдэнэ буюу Төмөрбаатар маань МХЕГ-ын дарга болсон байгаа. Аав нь хүүгээ хуульч болгоно гэж ярьдаг байсан болохоор ээж нь зүтгэсээр хуулийн хүн болгосон. Шударгаар ажиллахын тулд түүнд олон бэрхшээл тохиолдоно. Орших бол залуу дарга. Өмнө нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга байсан бөгөөд түүнийг хот руу Эрдэнэ татаж, дэргэдээ нэгэн хэлтсийн даргаар авч ажиллуулж байгаа. Хүмүүс анх киноны маань нэрийг сонсоод “Ямар аймаар нэртэй юм бэ” гэдэг байсан. Харин одоо тайллыг харах нь ээ.
Жийгээ найруулагчийн гэргийг уншигч, үзэгчид хэдийнэ танидаг болсон биз ээ. Дулааны инженер мэргэжилтэй ч нөхрөө дагаж кинонд урваад удсан Цэцгээ эгч биднийг очиход уриалгахан угтаж, дайлж цайлчихаад, ярилцлага эхлэнгүүт компьютерийнхээ ард суучихав. Тэрбээр Монгол киноны нэвтэрхий толийнхоо хоёрдугаар ботийг хийж суугаа гэнэ. Уран бүтээлчид материалаа бүрэн ирүүлээгүйгээс гадна давчуу хугацаанд амжуулах үүрэг даалгавар авсан учраас завгүй байгаа. Харин Жийгээ найруулагч Монгол киноны 80 жилийн ойдоо өөр нэгэн бүтээлээр бэлэг барих гэж буй. “Монгол киноны 50 сод туурвил” номоо өөрөө бичиж, нэвтэрхий тольдоо редакторын үүрэг гүйцэтгэж буй. Түүний ширээн дээр Валерий Рокотовын “Голливуд” гэсэн ном байх агаад энэ номыг жишээ болгон “Монгол киноны 50 сод туурвил”- аа хэвлүүлэх гэнэ. Дунд хүү нь Лондонд докторын зэрэг хамгаалахаар суралцаж, гэр бүлийнхээ хамт түр хугацаанд Англид амьдарч байгаа учраас хоёр хөгшин хүүгийнхээ гэрийг сахиж Сансар хороололд өвөлжсөн гэнэ. Өөрийнх нь байр арай хүйтэн учраас байдаг болохоор энд ирсэн гэлээ.
-“Аймшигтай нүүдэл”-ийн зохиолыг хэн бичсэн бэ?
-Би бичсэн.
-Хэдэн жилийн өмнө Ш.Гүрбазар гуай “Хүний амь” киноны хоёрдугаар ангийн зохиолыг бичсэн гэж ярьж байсан даа.
-Ш.Гүрбазар бид хоёр зохиолын төлөвлөгөө гаргаад, хийнэ гэж ярьж явсан ч мөнгө олдоогүй болохоор нь “хаячихсан”. МҮОНТ-д бид хамт ажилладаг байсан болохоор киногоо үргэлжлүүлье гэж ярьсан хэрэг. Манай киноны гол дүрийн жүжигчид бүгдээрээ энх тунх байгаа нь бас нэг давуу тал байсан. Цагдаагийн байгууллагынхан олон ангит кино хийлгэх гэж байхдаа бас энэ санааг маань дэмжсэн л дээ. Гэхдээ сүүлд нь дарга нар нь солигдоод орхисон доо.
-Тэгээд яаж яваад кино хийх мөнгөтэй болж, тэр ч бүү хэл олон ангитай болгов?
-Завханы мэргэжлийн хяналтын газрын дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн Батсайхан гэж хүн бий. Би анх Соёлын гавьяат зүтгэлтэн болох гээд тодорхойлуулаад байхад нь энэ хүний тухай нэвтрүүлэг хийж байсан юм. Тэгээд сайн танилууд болж, ойр дотно байх болсон юм. Мань хүн шүлэг бичдэг шүү дээ. Завхандаа бол Явуухулан. Олон ч дуутай. Хүмүүс андахгүй. Батсайхан маань надтай хамт кино хийнэ гэж үргэлж ярьдаг юм. Хоёр, гурван ч зохиол уншуулж байсан. Тэгж байгаад 2013 онд “Би төрийн ажил хийгээд 20 жил боллоо. Энэ байгууллагынхаа тухай, ажил амьдралыг нь харуулсан кино хиймээр байна” гэлээ. Тэгээд зохиол бичиж өглөө. Баримт сайтай ч драматург алга. Намайг зохиолтой нь танилцах хооронд МХЕГ-ын дарга байсан Батмөнхөд хандаж, төрийн мөнгөнөөс авалгүй киноны санхүүжилт бүрдүүлсэн. Батмөнх дарга үнэхээр сэтгэл гаргаж дэмжиж, хөдөө зураг авч явахад бидэнд тусалсан. Мөнгө цуглуулж эхэлсэн ч киноны зохиол болохгүй байгааг хэлж, болих уу гэтэл “Та өөрөө зохиолоо бичээд хий” гэлээ. Миний бодолд нөгөө цагдаагийн тухай киноны маань төлөвлөгөө байсан учраас дахин өөрчилж, 20 гаруй хоног суугаад зохиолоо гаргасан. Тэд ч 100 сая арай хүрэхгүй төгрөг цуглуулсан. Угаасаа ч уран сайхны кино тэрнээс бага зардлаар бүтэхгүй. Жүжигчид л гэхэд арав, арван саяар нь амандаа багтсан үнээ хэлж байна шүү дээ. Манай киноны жүжигчид миний шавь нар байсан болохоор надаас их мөнгө нэхээгүй. Манай Цэрэндагва, Төмөрбаатар, Гүрбазар гурав ч өндөр үнэ хэлэхгүй. Ингээд арай ядан нөгөө мөнгөө хүргэж, киногоо хийсэн. Есдүгээр сард зургаа авч эхлээд, арваннэгдүгээр сарын 20-д хүргэсэн. Энэ намар сайхан дулаахан байсан болохоор аз болсон шүү. Мэргэжлийн хяналтын газрын тухай бид бага мэддэг юм билээ. Тэдэнд хамаарахгүй салбар алга. Бас цаанаа их зовлонтой, дарамттай, хариуцлагатай ажил болох нь ойлгогдсон. Тиймээс би Эрдэнийгээ МХЕГ-ын дарга болгосон юм. Бас дүрүүдийнхээ сэтгэлзүй, дотоод зөрчлийг тодруулсан кино хийнэ гэж л зорьсон доо. МҮОНТ-д хамт ажиллаж байсан операторуудаа авч, зургаа авахуулсан. Дуу оруулалтаа тусад нь хийсэн нь нэг онцлог байх. Одоо залуус тэгэхээ больсон шүү дээ. Уг нь дуу оруулалтаар л жүжиглэлтийг амилуулдаг. Киноны хөгжмийг Ганхөлөг гэж залуу бичсэн. Их сайн болсон санагдаж байгаа. Гэхдээ “Хүний амь”-ийн хөгжмийг агуу их Л.Мөрдорж гуай бичсэн шүү дээ. Тэр гол хөгжмийнхөө аранжровкийг дахин хийж ашигласан байгаа.
-“Хүний амь”-ийг хүн бүр мэднэ. Үргэлжлэлийг нь хийхгүй гэж бодсон ч хийчихсэн байдаг. Киногоо дараа нь үзээд ямар санагдав. Мэдээж өөртөө дүн тавих утгагүй л дээ.
-Нэг ангитай хийчихсэн киноныхоо хоёрдугаар ангийг дараа нь хийх хэрэггүй гэж боддог хэвээрээ л байна. Тийм ч учраас үргэлжлэл гэж бодолгүй хийсэн. Энэ зуунд, одоо цагт амьдарч байгаа уран бүтээлчийн эмзэглэлийг “Аймшигт нүүдэл” киноноос үзэх юм. Үнэндээ энэ нийгмийн амьдрал хэцүү байгаа шүү дээ. Ард түмэн ч төр засагтаа ам муутай байна. Энэ бол аймшиг. Төрийн минь сүлд өршөө гэж цайны дээжээ өргөдөг монголчууд одоо төрөө жигшиж байна. Төрөө тоохоо байна гэдэг бол аюул. Цаашдаа сөнөхийн цондон.
-Энэ эх захаа алдсан байдал хэзээ эхэлчихсэн гэж та бодож байна вэ?
-Саяхан Иргэний танхимд “Улс төр, популизм” гэсэн сэдвээр хүмүүс уулзаж ярьж байхыг зурагтаар үзлээ. Энэ тогтолцоо буруу болсон нь л харагдаад байна. Би бол ардчиллыг гайгүй дэмжсэн хүний нэг. Анхны хурлынх нь үеэр киногоо гаргаад л явж байлаа. Гудамжинд гарч жагсаагүй ч дэмжиж л явсан хүн. Харамсалтай нь, бидний хүсэж байсан зүйл өнөөдөр биеллээ олсонгүй. Хоёр л юм бодож байна. Улс төрийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Хэт намчирхдаг үзлээсээ салах ёстой. Улсын их хурлын гишүүд “Уг нь чиний ярьж байгаа зөв л дөө. Дэмжмээр л байна. Даанч манай намын үзэл баримтлалтай таарахгүй” гэж ярьж байх жишээтэй. Энэ буруу.
-Хүн өөрийнхөө мөн чанараар амьдрахгүй, үзэл бодлоо хамгаалж чадахгүй байгаа нь хамгийн том эмгэнэл юм даа.
-Яг л тийм. Бас мөнгөтэй олигархиуд бий болчихлоо. Тэд мөнгөөр л бүгдийг хэмжиж, хийж болно гэж сагсуурч байна.
-Уг нь хүний үнэ цэнийг хугалах зүйл нь мөнгө биш байлтай.
-Тийм. Монгол хүний үнэлэмж гэж үгүй болж, гаднынхныг шүтэж байгаа нь нөгөө буруу тал нь. Хэн намайг хэлэх вэ гэсэн шиг нэг хэсэг нь сагсуурч, зах зухаасаа үнэн нүүр царай нь харагдаад ард түмний дургүйг хүргэж байна шүү дээ.
-Та кинондоо Лхүндэвээр тэр буруу нөхдийг төлөөлүүлсэн юм байна. Зохиол бичихдээ тийм хүмүүсийн тухай гүнзгийрүүлэн судлах боломж байсан уу?
-Ерөнхийд нь мэдэхээс биш, нарийн мэдэх аргагүй юм билээ. Миний таньдаг олигархи ч бий. Харин хүнээс сонссон жишээ олон байна. Аймгийн мэргэжлийн хяналтын газрын нэгэн байцаагчийг Засаг дарга нь өрөөндөө дуудаад, нэг нөхрөөр дарамтлуулсныг сонссон. Засаг дарга нь юу ч хэлэхгүй, харин нөгөөх нь “Чи намайг таньж байна уу?” гэж асуугаад “Үгүй” гэж хариулахаар нь багалзуурдаж, миний хийж байгаа ажлаас хол бай гэж хоёр хуруугаараа нүд рүү нь чичилсэн гэж байгаа. Гэр бүл үр хүүхдийг нь айлгаж, дарамтлах ч энүүхэнд гэсэн.
-Сүүлийн үеийн киноны дүрүүд бодит биш, хийсвэрлэлтэй болчихсон санагддаг юм. Өнгөрсөн зуунд бол хүмүүс киноноос өөрсдийгөө олж хардаг байсан болов уу. Одоо ч тэр дүр зураг бидэнд түүх болон хадгалагдаж байна.
-Кино нь бүгд хуулбар болчихож. Найруулга, зураг сайтай кино өдрийн од шиг цөөн. Жүжигчид нь халтар хултар. Киноны харилцан яриа нь хуурай. Жүжигчид нь дүр дээрээ ажиллахгүй байна. Энэ олон ангит кинонууд чинь сайн юм биш ээ. Киног урлаг талаас нь холдуулснаас өөр юмгүй. “Анхны алхам” киног хийхээр натурт гарчихаад байх үед харсан нэг зүйлээ би мартдаггүй юм. Олон ч ярьсан. Өглөө үүр цайж байх үеэр гэрийнхээ хаалгаар хараад хэвтэж байтал Н.Цэгмид, Цэрэндаш, Шаравдоо гуай гурав лагераа тойроод гүйж байна аа. Гүйх ч яах вэ. Тэд өглөө бүр дасгал хийдэг учраас гайхах юм биш. Харин гартаа нэг нэг цаас барьчихаад, хоорондоо юм яриад гүйгээд байгаа нь сонин байв. Өдөр зураг авах үеэр энэ тухай нь асуутал “Өглөө толгой сэргэг байхад тухайн өдөр зураг авахуулах хэсгийнхээ яриаг давтсан юм” гэдэг байгаа.
-Одоо ийм жүжигчин байхгүй дээ
-Байхгүй. Нэг удаа зураг авах хугацаанаасаа цаг гаруй хоцорч ирсэн жүжигчин маань “Жийгээ найруулагч аа, би 18.00 цагт явна шүү. Хурим хөтлөх ёстой” гэж хэлээд хөөгдөж байсан юм. Нэлээд дээхнээс л ийм байдал ажиглагдаад байгаа. Одоо ч бүр зохиолгүй кино хийж байна. Дэлхийн хэмжээний том найруулагч нар зохиолг үй кино хийх нь бий. Нэг төрлийн импровизиаци юм шүү дээ. Курасава ч ингэж хийдэг байсан. Гэхдээ манайд тэгж хийх чадалтай найруулагч хараахан гараагүй л байна. Бараг энэ тухай ярих ч хэрэгг үй байгаа юм. Нэвтэрхий толийнхоо хоёрдугаар ботийг хийнэ гээд манай хүн зөвшөөрсөн болохоор л аргагүй сууж байна. Гэхдээ үнэхээр дургүй хүргэмээр юм олон байна аа.
Кино урлагийн тухай ихийг хэлж чадах хүний нэг нь тэр боловч, Монголын өнөөгийн кино урлагийн тухай ярихаар түүнд бухимдал нэмчих гээд байлаа. Түүнээс номын дуу сонссон, хамт ажиллаж байсан олон шавь нь энэ салбарт ажиллаж байгаа ч мөнгөний хойноос улайрсан чанаргүй кинонууд борооны дараах мөөг шиг олширч, хэн хүний дургүйг хүргэж байгаа. Тиймээс бид яриагаа энд хүргээд өндөрлөв.
Ж.СОЛОНГО