Энэтхэгт гэрлэх насны залуус эцэг эхийнхээ шийдвэрээр гэрлэх нь өнөө ч түгээмэл байгаа. Хувь заяагаа гэрийнхэндээ итгэн даатгасан хуримлагч хос хэн хэнийгээ таньж мэдэх нь бүү хэл, нүүр тулан уулзаагүй байхдаа ч эр эм болох нь бий. Тэгвэл тус улсын Уттар Прадеш мужид саяхан нэг хачирхалтай хэрэг гарчээ. Эцэг эхийнхээ олж өгсөн эртэй гэрлэхийг зөвшөөрсөн сүйт бүсгүй нөхөр болох хүнээ нэг л хачин авирлаад байгааг анзаарч, яг хуримын ёслолын өмнөхөн түүнээс "15 дээр зургааг нэмээд хэд вэ" гэж асуужээ. Гэтэл сүйт хархүү 17 гэж хариулсан байна. Ингээд бүсгүй залууг оюуны хомсдолтой, хоёр оронтой тоо ч цээжээр бодож чадахгүй хэмээн гэрлэхээс татгалзсан байна. Талууд цагдаагийн газрын шийдвэрээр хуримаа цуцалж, бие биедээ өгөөд байсан бэлгүүдээ буцаасан гэнэ.
Өнгөрсөн сард мөн иймэрхүү хэрэг Уттар Прадешт гарч байж. Хуримын үеэр сүйт хархүү нь татаж унаснаас болж сүйт бүсгүй хуримд нь ирсэн огт танихгүй хархүүг нөхрөөрөө сонгон хуримласан байна.