Саран дээр хөл тавьсан анхны хүний сүүлчийн ярилцлагыг хүргэж байна. Америкийн сансрын нисэгч, инженер, туршилтын нисгэгч, профессор Нил Армстронг (1930-2012) 1969 оны долдугаар сарын 21-ний өдөр өөрийнх нь хэлснээр “хүн төрөлхтний түүхэн дэх аварга том үсрэлт”-ийг саран дээр хийж түүхэнд мөнхөрсөн юм. Тэрбээр уг ярилцлагыг өөд болохоосоо жилийн өмнө буюу 2011 оны тавдугаар сард Австралийн CPA телевизэд өгчээ.
-Таны намтрыг уншихад хувь тохиол, зорилго тэмүүлэл гэдэг хоёр үг үргэлж санаанд буудаг. Дөнгөж хоёр настай байхдаа та анх удаа нислэгийн үзүүлэх тоглолт сонирхож, долоон настайдаа анх онгоцоор нисэж, нисгэгчийн үнэмлэхээ 15-тайдаа авсан байдаг. Энэ бүхнээс үүдэн таныг нисэх гэж л төрсөн хүн гэж тодорхойлж болох уу?
-Би ухаан орсон цагаасаа л нисэхийг хүссэн. Бүр бага ангид байхаасаа онгоцны загвар, хийц сонирхдог байлаа. Онгоцны загвар зохион бүтээгч болно гэж мөрөөдөж байсан үе ч бий.
-Эцэг эх тань таныг их дэмжсэн гэл үү?
-Аав маань Охайогийн төвд санхүүгийн байцаагч байсан. Ажлын шаардлагаар их аялна. Тэр нь ч нөлөөлсөн үү, намайг агаарын хүчин сонирхож эхлэхэд огт дургүйцээгүй. Харин ээж минь юу ч болсон үргэлж миний талд ордог байсан. Намайг ингэ, тэг гэж хүчлэлгүй, хүссэн бүхнийг минь хийлгэдэг байсан тэдэндээ насан туршдаа талархаж явна.
-Таныг юм юмнаас жийрхдэг, эмзэг хүүхэд байсан гэж сонссон. Нохойгоо үхэхэд дөхөж ч очоогүй, ер нь их аймхай байсан гэж дуулсан. Тийм байж хожим их эрсдэл туулж, бүр сансрын нисэгч болсон гэхээр хачин юм шүү.
-Хүн бүрт л тийм үе байдаг шүү дээ. Ялангуяа хагацал гэдэг хэнд ч амаргүй. Үхлээс айх айдсаа даван туулах гэж өчнөөн жил болсон доо.
-Эрсдэл гэснээс та Солонгосын дайнд оролцсон. Тэр үеийг дурсахгүй юу?
-Дайны талбар дахь аюул, эрсдэл гэдэг юу юунаас илүү бодит байдаг. Хамгийн хэцүү нь мөр зэрэгцэн тулалдаж явсан нөхдөө амь үрэгдэхийг хардаг. Харин сайн тал нь гэвэл жинхэнэ цэрэг эрстэй насан туршийн анд нөхөд болдог. Дайны дараа, тэр олон хүнд бэрхийг туулж гарсны дараа өөрийгөө өмнөхөөсөө илүү хатуу чанга, нөгөө талаар уян зөөлөн, илүү хүнлэг болсноо ухаардаг нь бас нэг сайн тал юм даа.
-Солонгосын дайны үед та туршилтын нисгэгч байсан. Ер нь таны гол мэргэжлийг туршилтын нисгэгч гэж болох байх. Мэргэжлийнхээ онцлогийг хэлэхгүй юү?
-Туршилтын нисгэгч байх нь маш хариуцлагатай ажил. Хүндрэл бэрхшээлийг шийддэг, юу нь болж, юу нь болохгүй байгааг олж бусдадаа мэдэгддэг, үргэлж таньж мэдэхгүй зүйлтэй тулгардаг ажил л даа. Тэгэхээр жинхэнэ үүрэг гүйцэтгэгчдэд их хувь нэмэр оруулдаг гэсэн үг. Ер нь хүн төрөлхтний түүх бол тэр чигээрээ танин мэдэхүйн, судалж шинжлэхүйн түүх. Мэдэж, шинжилсэн бүхэн нь аюулгүйн тойрогт багтана. Харин тэр тойргийн захаар явна гэдэг эрсдэлтэй ч, бас сонирхолтой шүү.
-Ерөнхийлөгчөөсөө эхлээд жирийн ард хүртлээ бүгд сансар судлалаар “өвчилж” байхад та сансрын нисэгч болсон. Тийм онцгой үед НАСА-д ажиллах ямар байв?
-Ямар ч тушаалыг үг дуугүй биелүүлэхэд бэлэн байлаа. Тэр үед оросууд дэлхийн анхны хиймэл дагуулыг хөөргөчихсөн, сансарт хүн нисгэчихсэн байлаа шүү дээ. Тэгэхэд бид дэлхийн тойрог замд ердөө ганц удаа нисэгчтэй хөлөг хөөргөсөн, анхны нисэгч Алан Шепард маань 20-иодхон минут л сансарт байсан амжилттай байлаа. 20-хон минут сансарт байж үзсэн, дэлхийн тойрог замыг ч бүрэн туулаагүй биднийг саран дээр бууна гэхэд хэний ч санаанд багтаагүй байх. Тэр үед НАСА байгуулагдаад дөрөвхөн жил болж байсан. Гэхдээ оросуудыг гүйцэж түрүүлье гэвэл саранд хүрэхээс өөр хувилбар байгаагүй. Тэгэхээр улс төр, нийгэм, үзэл суртлын талаасаа, ер нь л хүн төрөлхтний ирээдүйд хамаатай гэсэн утгаар маш том зүйлийн гэрч болж байгаагаа мэдэрч байсан.
-“Аполлон” хөтөлбөрийн хар зургийг гаргаж байсан хүмүүс өчнөөн хөлөг хөөргөж байж зорьсондоо хүрнэ гэдгээ мэдэж байсан байх. Энэ төсөл хэр адармаатай, явц нь нисэгчдэд хэр ил тод байсан бэ?
-Бидэнд бүх мэдээлэл ирдэг байсан. Харин адармаатай, хүнд хэцүү байсны хувьд төсөөлснөөс ч илүү саад бэрхшээлтэй байлаа. Анхны нислэгт бэлтгэгдэж байсан гурван нисэгч туршилтын үеэр, Кеннедийн сансрын төвд хөлгийн загвар дотор сургуулилалт хийж байгаад амиа алдсан. Их бие дотор хүчилтөрөгч их байснаас гал гарч, тэд хаалгаа онгойлгож хүчрэхгүй байсаар амь үрэгдсэн юм. Тэр ослын дараа бидэнд маш хүнд байсан. Сэтгэл зүйн хувьд ч, хөтөлбөрөө цаашид хэрхэх тал дээр ч цохилтод орсон. Гэтэл Ерөнхийлөгчийн заасан хугацаа дуусах гээд байдаг, ердөө дөрвөн жил л үлдээд байлаа. Хөлгийн доторхийг галд тэсвэртэй болгохоос эхлээд ажил их байсан даа. Эхний оролдлого бүтэлгүйтсэний дараа хоёр дахь хөлөг маань галд тэсвэртэйгээс гадна аюулгүйн үүднээс ч, техник ажиллагааны тал дээр ч их сайжирсан. Харин түүнийгээ туршиж, сайжруулах гэсээр 1968 онтой золгосон. Тэгээд хугацаа давчуу байсан болохоор тун зоригтойгоор гурав дахь хөлгөө сарны тойрог замд оруулъя гэж шийдсэн. Тэр туршилтаараа бид саран дээрээс холбоо барих, саран дээр хөлгөө газардуулах цэг олох гээд олон зүйлд суралцсан. Одоо бодоход богино хугацаанд их зүйл амжуулжээ.
-Тэгээд яг хэдийд саран дээр хүн газардах нь тодорхой болсон бэ. Тэр нислэгт өөрийгөө багтана гэдгийг хэзээ мэдэв?
-Би бэлтгэлийн хэсэгт байсан юм. Хар үгээр бол нөөцийн ахмад гэх үү дээ. Тэгээд бидний ээлж ирэхэд шууд ажилдаа орсон. Хариуцсан дарга маань нэг өдөр дуудаад “Нисэгчтэй гурав дахь хөлгийг чи удирдах уу” гэж байна. “Аполлон- 8” тэгэхэд нэг удаа хөөрчихсөн, ес дэх нь бэлтгэгдэж байсан. Харин 10-ыг саран дээр газардагч төхөөрөмжтэй холбож байсан үе л дээ. Тэгэхээр чухам хэн нь ямар үүрэгтэй оролцох, аль баг саран дээр түрүүлж хүрэхийг мэдэх арга байгаагүй. Бүгд л нэг зүйлийн төлөө зүтгэж байлаа шүү дээ. “Аполлон- 10” сарыг тойрч, санаснаас их зүйл хийсэн. Ер нь найм дахиас хойших тэр дөрөвхөн нислэгт л бид хиймэл дагуул, хөлөг хооронд холбоо барих, сарны гадаргуу дээр ажиллах тал дээр туршлагажиж, ажлынхаа талыг нугалсан. “Аполлон 11”-ийг хөөргөхөөс яг сарын өмнө бид саран дээр хүн буулгаад үзье гэсэн шийдвэрт хүрсэн юм. Амжилттай болно гэдэгтээ анх удаа итгэлтэй болсон гэсэн үг. Нислэгээс эсэн мэнд эргэж ирэх магадлал 90 хувь байсан ч, саран дээр газардаж чадах, үгүй нь 50 хувийн л магадлалтай байлаа. Тийм байхад “Саран дээр түрүүлж хөл тавих нь” гэж хэн догдлох вэ дээ. “Аполлон- 11”-ийг нислэгт бэлтгэх хугацаанд албаныхны бүх л мэтгэлцээн, хурал цуглаанд би оролцож байсан. Тэгээд яг хөөргөх нь тодорхой болоход “Дахиад ганц сар өгөөч” гэж гуймаар байсан ч оросуудтай өрсөлдөж, уралдаж байсан болохоор хойш суух зүрх байгаагүй.
-Хөөрөх үед ямар мэдрэмж төрж байв?
-Үнэнийг хэлэхэд их тайван байсан. Сансрын хөлөг яг цагтаа хөөрдөггүй болохоор “За, ингэсхийж байгаад дахиад л завсарлана даа” гэсэн шүү юм бодоод сууж байлаа.
-Аюулгүй буух газар олдохгүй, нэлээд бэрхшээлтэй байсан гэдэг байх аа?
-Тийм ээ. Сарны тогоонууд жижигхэн харагддаг ч их гүнзгий, том байдаг. Бидэнд хөлгөө аюулгүй газардуулах нь саран дээр алхаж үзэхээс ч илүү чухал байсан. Хөлөг газардмагц “Бүргэд газардлаа” гэж төв рүүгээ мэдээлсэн дээ. Бүргэд гэсэн нь Ерөнхийлөгчийн зарлигийг ёсоор болголоо гэсэн санааг давхар агуулсан юм. Бид “Даалгавраа биелүүллээ” гээд гурван биедээ баяр хүргэсэн. Тэгээд Зөвлөлт, Америкийн гэж ялгалгүй амь үрэгдсэн сансрын нисэгчдийг дурсаж, саран дээр хөлгийн таних тэмдэг, мөрдөс зэргийг нь үлдээсэн. Мартагдашгүй, сэтгэл хөдөлгөм агшин байсан гэж хэлж болно. Гэхдээ хийх ажил их байсан болохоор удаж түвдээгүй. Сансрын нисэгч байх нь нэг талаар сэтгэл хөдлөлөө барьж сурахын нэр. Цагаан ордноос Ерөнхийлөгч холбогдож, баяр хүргэсний дараа ч баярлаж, сонор сэрэмжээ алдах эрх бидэнд байгаагүй.
-Нэг зүйлийг асуулгүй өнгөрч болохгүй байх. Сар луу 24 хүн нисэж, 12 нь сарны гадарга дээр хөл тавьсны дараа ч та бүхнийг саран дээр буугаагүй, ерөөсөө энэ бүхэн жүжиг байсан гэж ярьдаг, үүнд итгэдэг хүн олон байна. Ийм яриаг та яаж хүлээж авдаг вэ?
-Хүмүүс цуу үг, хуйвалдааны элдэв онолд дуртай. Гэхдээ би тоодоггүй юм. Яагаад гэвэл хэзээ нэгэн цагт саран дээр очих хүн миний үлдээсэн камерыг буцааж авчирна гэдэгт эргэлздэггүй. Тэгээд ч НАСА-гийн 18 мянган ажилтан худлаа хэлнэ гэж үү. Тэдний хэн нэг нь эрт, орой нэгэн цагт ам алдах л байсан шүү дээ. Гэтэл өдий олон жил өнгөрөхөд тийм зүйл болсонгүй. Бидэнд өөрсдийгөө батлан харуулах гэж зүтгэх ямар ч шаардлага байхгүй. Хэн хүссэн нь Google Map-ийн тусламжтайгаар одоо сартай танилцаж болно. 1969 оны бичлэгийг хэн ч одоогийн сарны зураг, бичлэгтэй харьцуулах боломжтой шүү дээ. Бидний хатгасан Америкийн далбаа одоо ч байрандаа байгаа.
Г.ЛХАГВА