Монголын урлагийн зөвлөл, Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр урлагаар дамжуулан гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх зорилгоор медиа төсөл эхлүүлжээ. Уран бүтээлч залуус бүтээлээ дөрөвдүгээр сард танилцуулахаар зэхэж байгаа бөгөөд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийг сурталчлах зорилготой юм.
Өнөөгийн Монголын нийгэмд хүмүүсийн амьдралд дасал болж, анзаарагдахаа больсон нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг нь гэр бүлийн хүчирхийлэл юм. Харин урлаг бол аливаа асуудлыг олны анхаарлын төвд хүргэх нэгэн онцгой арга хэлбэр юм. Монгол уран бүтээлчид ч гэр бүлийн сэдвийг бүтээлдээ тусгадаг ч гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ойлголтыг төрүүлэх бага байна.
Тиймээс энэ удаа орчин үеийн урлагийн нэг төрөл болон медиа урлагаар дамжуулан гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэр дундаа хүмүүс үл анзаарагдах эдийн засаг, сэтгэл санааны хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор видео, фото, 3D зураг, инстолляци бүтээлүүд туурвих юм. Медиа үзэсгэлэнд кино найруулагч Ш.Ихбаяр, 3D зураач Б.Ундрам, зураач Б.Нандин-Эрдэнэ, гэрэл зурагчин Б.Ренцэндорж нар нэгджээ.