“Гэгээнтэн” хэмээх романаараа уншигчдын талархалыг хүлээсэн зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн шинэ роман хэвлэгдэн гарчээ. Түүний нэр нь “Шилийн Богд”. Энэхүү бүтээлийн гол баатар нь домогт шилийн сайн эр Тооройбанди, түүний гэр бүл, нөхөд ба дайснууд юм. Дарьгангын хээр тал дахь монголын нүүдэлчдийн өвөрмөц ахуй, үлгэр домог, өвөг дээдсийн бүтээсэн өв соёлын ай сав дотор үйл явдал өрнөж, хорвоогийн гэрэл сүүдэр эрээн бараан дундах дэнсэнд хүмүүний хувь заяа, эр зориг, хүн чанар, хайр хорсол, ариун сэтгэл, шунал, зовлон жаргалыг нэн сонирхолтойгоор өгүүлжээ.
“Шилийн Богд” романд Агшуу хэмээх шонхор тэргүүт жигүүртний ертөнц хүмүүстэй нэгэн ай сав дотор зэрэгцэн оршиж, шувууны нүдээр амьдралыг тольдох аж. Өргөн утгаар нь хэлбэл Манжийн ноёрхолын цаг үеийн толинд өнөөдрийнхөө нүүр царайг харах боломжийг уншигчдад олгож, онгон байгаль, үндэсний дархлаа, өв соёлоо түүхийн бэрх цаг үед авч үлдэж, хойч үедээ өвлүүлж байгаа жирийн хүмүүсийн алжаал ядрал, зовнил шаналал, хайр бахархалыг энэхүү романд тод томруун үзүүлжээ.
“Шилийн Богд” роман нь маргаашнаас эхлэн “Интерном”, “Мажестик” “Аз хур” номын дэлгүүрүүдээр худалдаанд гарч байгаа юм байна.