“Шинэ цирк” төвийн дэргэдэх “Отгоо” уран нугаралтын студийн багш Д.Отгонцэцэгтэй ярилцлаа.
-Урлагийнхныг ажиглах нь ээ, багшлахдаа, эсвэл бүтээл туурвихдаа илүү авьяастай гэж хоёр янз байдаг шиг санагддаг. Та аль нь вэ?
-Багшлахдаа илүү авьяастай. Уг нь багшилъя гэж боддоггүй байлаа. 2000 онд Улсын циркийн уран сайхны зөвлөлийн шийдвэрээр Л.Нацагийн нэрэмжит, уран нугаралтын студи байгуулж, намайг багшаар томилсон юм. Харин алинд нь дуртай вэ гэж асуувал хоёуланг нь хэлнэ. Би социализмын үеийн жүжигчин учир өөрийн хүслээр үзүүлбэр тавих эрхгүй байлаа. Соёлын яамны шийдвэрээр баталсан хөтөлбөр, найруулагчийн зааварчилсныг биелүүлнэ. Одоо цаг өөр болж, жүжигчид чадах л юм бол хүссэнээ бэлтгэж байна. Мэргэжлийн өвчин юм уу даа, шавь нараа харахаар одоо ч гэсэн өөрийн эрхгүй нугарч, шпагат суумаар санагдаад л, бие чилээд хачин болдог. Манай нөхөр ямар сайндаа “Чамайг нугарахад яс чинь үйрчихвэл хэн цуглуулах юм бэ” гэж цаашлуулдаг юм.
-“Шинэ цирк” төвийн захирал, найруулагч Д.Зориг таны хань юм билээ. Хэрхэн гэр бүл болсноо эргэн дурсахгүй юү?
-Багш, багш гэсээр суучихсан. Миний нөхөр болно гэж яаж мэдэх вэ. Намайг Циркийн дунд сургуулийн дөрөвдүгээр дамжаанд суралцаж байхад Зоригоо багшлахаар ирж, дэлхийн урлагийн түүх заасан. Орост суралцаж байхдаа чөлөөт цагаараа багшилдаг байсан юм билээ. Зоригоо бидэнд үзүүлбэр дэглэх юм болсон. Надад тусад нь онцгой үзүүлбэр тавьж өгнө гээд л надаар савангийн хөөс бөмбөлөг болгож үлээлгэв ээ. Сүүлдээ нүд хорсоод, “Ямар үзүүлбэр хийлгэх гээд байгаа юм бол доо” гэж гайхаж байлаа. Одоо бодох нь ээ, намайг эргүүлэх гээд л онцгойлж байсан бололтой. Кино үзэж, уулзаж байгаад нэг мэдсэн аргандаа оруулаад, суучихсан байвал яах вэ. (инээв) Нэг салбарын хүмүүс ханилахаар бие биедээ их дэмтэй юм. Үзүүлбэр найруулаад оройтлоо гэхэд нөхөр маань ирж, зөвлөнө. Манай шавь нартай аав шиг нь тоглож наадна. Гадаадад тоглолтоор хамт явдаг болохоор амар. Тэс өөр мэргэжилтэй хүн байсан бол намайг ойлгохгүй, амьдралаа бод, энэ чинь ашигтай ажил мөн үү гээд л асуудал үүсгэх байсан биз.
-Циркчид хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлэх нь элбэг гэж дуулсан. Танай хүүхдүүдээс циркчин болсон уу?
-Миний хүү БНХАУ-д санхүү эдийн засаг, олон улсын харилцааны мэргэжлээр сурахын хажуугаар манай циркийн гадаад харилцаа хариуцсан менежерээр ажилладаг. Уг нь багад нь циркээр хичээллүүлэх гэж үзсэн ч өөрийнхөө хүүхдийг хайрлаад чаддаггүй юм билээ. Шахалт хийлгэж байгааг нь харахаар л нүд хальтардаг байсан.
-Танай “Отгоо” студи саяхан 15 жилийн ойгоо тэмдэглэлээ. Энэ хугацаанд хийсэн ажлаа дүгнэсэн биз?
-Багшилна гэдэг их хариуцлага юм байна. Цаг зав, сэтгэл, хөдөлмөр, мэдрэмж бүгдийг зориулж байж уран бүтээлч төрүүлдэг гэдгийг ойлголоо. Шавь нар маань дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц чадварлаг болсон гэж үзэж, тэднийхээ амжилтаар өөрийгөө дүгнэж сууна. Алтан үеийнхэн Монголын уран нугаралтыг аль хэдийнэ дэлхийд таниулсан. Тэдний байгуулсан гавьяаг Монголын нугараачид үргэлжлүүлж байгаад бахархаж байна.
-Найруулагчдыг арга барилынх нь хувьд дарангуйлагч, уриалагч гээд л олон төрөлд хуваадаг гэж дуулсан. Таны багшлах арга барил ямар бол?
-Хүүхэд, эцэг эх, багшийн хамтын хөдөлмөрөөр уран бүтээлч төрдөг. Аль нэг нь л шантарч, сэтгэл гаргахаа боливол амжилтад хүрэхгүй. Эцэг эхчүүд хүүхдүүдээ энэ урлагт урвуулаагүй бол уран нугараачид Монголын нэрийн хуудас болохгүй шүү дээ. Циркийн урлаг их буянтай. Дунд сургуулийнхан гадаадад явъя гэж хүсэхэд биелүүлж өгөх, боломжтой эцэг эх Монголд хэд билээ. Тэгтэл манай циркчин хүүхдүүд таван одтой зочид буудалд байрлаад л, 15 давхар усан онгоцонд тоглож, ирэх буцах зардлаа даалгаж байна. Долоо хоногт хоёрхон удаа тоглоод л гурав, дөрвөн сая төгрөг олж, олон сайхан орноор аялна гэдэг бурхны том бэлэг биз дээ. Шавьтайгаа нэг ярихад л Мароккод, дараа нь залгахад Парист, Италид байна гэдэг. Ямар сайндаа би газрын зураг дээр тэмдэглээд байгаарай гэж хэлдэг юм. “Отгоо” студид хичээллэж буй хүүхдүүд сар бүр төлбөр төлдөг. Таван жил надад өгсөн мөнгөө тэд нэг удаа гадаадад тоглоод л олдог. Зарим нь гадаадад нугарахын хажуугаар их дээд сургуульд тэтгэлгээр сурч байна.
-Олон хүүхдийг амьдралтай нь залгуулсан багшид үр шим нь хэрхэн тусаж байна вэ?
-Хамгийн наад захын жишээ л гэхэд фэйсбүүктээ нэвтрэхэд баярлаж талархсан шавь нарын сэтгэгдэл угтдаг. Тэд дэлхийн олон улсад тоглож явахдаа “Шинэ цирк”, Отгоо багшийнхаа нэрийг гаргана гэдэг л бахархал. Би шавь нартаа “Нийтэч, бие биетэйгээ ойр дотно байж, нэгэндээ битгий атаархаж, муулж байгаарай” гэж байнга захидаг юм. Манай хүүхдүүд нэг гэр бүл шиг дотно. Эгч нар нь гадаад явахад дүү нар нь уйлах жишээтэй. Хүний газар нэгнээ гомдоох шиг муухай юм байхгүй. Хэрвээ чамайг хүн муулбал өөдөөс нь сайхан юм ярь, битгий тоо гэж хэлдэг. Хаа очиж манай хүүхдүүд муу зангүй. Гэрээ байгуулсан компаниуд “Танай жүжигчид хүмүүжилтэй, мундаг, дахиж тоглуулъя” гэдэг.
-Эцэг, эхчүүд хүүхдүүдээ цирктэй холбосон болохоор л тэд Монголын нэрийг өргөж яваа гэж та хэлсэн. Тэгвэл та авьяаслаг хүүхдүүдтэй таараад студидээ хичээллэхийг урьж байв уу?
-Манай студид Азбилэг хэмээх охин хичээллэж байгаад шантраад гарсан юм. Тэгтэл нэг өдөр Хан-Уул дүүргээс зохион байгуулсан тэмцээн шүүж байгаад түүнийг харсан. Мэргэжлийн бус багшаар заалгаж байгаад нь миний сэтгэл эмзэглэсэн. Явахаасаа өмнө дуудаж “Студидээ эргээд хичээллэе гэвэл авъя. Харин энэ замаар явбал чи амжилт олохгүй. Гэхдээ өөрөө л мэд” гэж хэлсэн. Сарын дараа ээж нь “Охиноо аваарай” гээд дагуулаад ирсэн. Азбилэг Италид болсон “Мисс моторс” тэмцээний авьяаслаг миссээр тодорч, БНСУ-д зохион байгуулсан авьяаслаг гоо бүсгүй шалгаруулах олон улсын тэмцээнд дэд байр эзэлсэн.
-Танд шантрах үе гарч байсан уу?
-Цирк их хатуу урлаг. Олныг гайхашруулсан үзүүлбэр хийх учиртай тул уран бүтээлчид зоригтой, тэвчээртэй байвал амжилт олно. Намайг зорьж ирсэн 10 хүүхдээс хоёр нь уран нугараач болж, бусад нь замын дундаас шантардаг. 10-уулаа уран нугараач болох боломжтой байсан ч хэцүү учраас орхидог. Хүүхэд гэдэг их холбиромтгой, зарим нь өвдөхөөс айна. Би шантарч байгаагүй. Их өвддөг байсан ч дуртай юм хойно мэрийдэг байлаа. Орой хариад хувцсаа тайлахаар хүнд зодуулсан юм шиг энд тэнд хөх няц болсон байдагсан.
-Тэгвэл анх багшлахдаа туршлагагүйгээсээ болж алдаа гаргаж байв уу?
-Тааруухан үзүүлбэр дэглэчихээд түүндээ баясаж байснаа одоо бодохоор инээд хүрдэг. Түүнээс биш, туршлагагүйтэж алдаагүй. Мэргэжлийн хүн учир ажлаа мэднэ. Гэхдээ мэддэгээ яаж хүнд заах учраа олохгүй тээршааж байсан үе бий. Анх сурч байгаа хүүхдүүдийн тэнцвэрийг олуулахын тулд 150 өргөнө. Энэ мэтээр өдөрт 20 гаруй хүүхдийг өргөнө. Ингээд бодохоор заримдаа би ачигч болчихсон мэт санагддаг. Өргөөд л байдаг, эд хэзээ мундаг болно доо гэж бодох үе бий. Хятад нугараачид хүчтэй, тэнцвэр сайтай байдаг юм. Манай хүүхдүүд яагаад тэдэн шиг нэг гар дээрээ тулж янз бүрийн үзүүлбэр хийж болохгүй гэж, чадах л ёстой гэж хөдөлмөрлүүлж, хөлс, нулимсыг нь барсны хүч гарсан.
-Уртын дуу гэхээр Норовбанзад, уран нугаралт гэвэл Норовсамбуу, Мажигсүрэн гуайн нэр санаанд буудаг. Таны шавь нараас гоц авьяастай нь хэр олон бэ?
-Шавь нар минь надад олон шагнал авчирсан. Тухайлбал, 2005 онд БНХАУ-ын Учаогийн олон улсын циркийн наадмаас хүрэл арслан, Москвагийн наадмаас гурвалсан мөнгөн морь, Якутад зохион байгуулсан тэмцээнээс мөнгөн зааны тугал шагнал хүртсэн гээд дурдвал олон. Миний анхны шавь О.Амаржаргал одоо 25 настай, Испаний циркт ажилладаг. Манай студид багшлахын зэрэгцээ, хоёр шавийг маань тоглодог цирктэйгээ гэрээ хийлгэж, харийн нутагт ээжийнх нь оронд ээж болж явна. Анхны шавь нарын нэг Анх-Од хэмээх 24 настай залуу бий. Шавь нарт маань үзүүлбэр тавьж, өөрөө тэднийг ахлаад гадаадад тоглож байна. Энэ мэтээр тэд эргээд багшдаа дэм болж байгаа. Анхны шавь нар маань дараа үеийнхэндээ сургаж байна гэхээр миний заасан эрдэм, багшлах авьяас тэдэнд өвлөгдөж байгаагийн шинж болов уу.
-Юмс үргэлж хувьсан өөрчлөгддөг. Алтан үеийн циркчдийг одоогийнхтой харьцуулбал?
-Одоо циркийн урлаг улам хөгжиж, үзүүлбэрүүд улам уран нарийн болжээ. Манай алтан үеийнхэн мундаг тэвчээртэй, хүнлэг хүмүүс шиг санагддаг. Би 16 настайдаа Улсын циркт анх хөл тавьсан. Тэр үед ахмадуудыг хөшигний завсраар л хардаг, дэргэд нь очихоороо эмээдэг, бахархдаг байсан. Мэндлэхгүй өнгөрүүлчих вий гэж айдаг, хүндэлдэг байлаа. Багшийгаа бурхан шиг шүтдэг байсан цаг. Харин одоо зарим нь багштайгаа найз шиг харилцдаг, хүмүүжил нь бидний үеийнхтэй харьцуулахад муудсан шиг санагддаг. Би өөрийгөө хүндлүүлэх гээд хэлж байгаа юм биш шүү. Одоо ч ахмад жүжигчдээс амьд сэрүүн нь олон бий. Тэднийг сайн таньдаггүй учир тэгдэг үү, мэндэлдэггүй хүмүүс харагддаг. Алтан үеийнхэн залуудаа олон гавьяа байгуулсан учир дурсаж, хийснийг нь хүндэлж байх ёстой.
-Тэгвэл өнөөдрийн циркийн урлаг уран бүтээлчдээс юу шаардаж байна вэ?
-Циркчдийн ур чадвар, дэглэлт, хувцас зэрэг олон зүйл сайн цогцолж байж чанартай бүтээл болно. Манай жүжигчид дэлхийн түвшинд тоглодог ч материаллаг баазын дутагдал тэдний хөдөлмөрийг алдаг. Ширээнийх нь энд, тэндээс галаар тургиж, усаар шүршдэг гоё дэглэлтээр хийх санаа төрлөө гэхэд тэрийг нь санаанд хүртэл урлаж чадах хүн таарахгүй юм. Төрөл бүрийн төхөөрөмж хийдэг мундаг хүүхдүүд “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлэгт оролцож харагддаг. Шинийг санаачлагчидтай хамтраад өвөрмөц үзүүлбэр тавибал сайхан байна. Гэхдээ гадаадынхны аль хэдийнэ сэтгэчихсэнийг дуурайх хэрэггүй. Гадаадын уран бүтээлчдийн ширээ дээш доошоо хөдөлж, эргэлдэж, бараг нисэхээс бусдыг хийдэг.
Б.ДӨЛГӨӨН