Улаанбаатар хотын Ерөнхий архитектор, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж Буддын соёлын музейг Монголд байгуулах санал гаргалаа.
В.И.Лениний музейг өмнө нь намын байр, худалдааны төв зэрэг янз бүрийн зориулалтаар ашиглаж, хамгийн сүүлд Үлэг гүрвэлийн музей болгохоор шийдвэрлэсэн боловч шинэчлэл хийж Буддын соёлын музей болгох саналтай байгаа аж. Тэрбээр хэлэхдээ, “Монголчууд энэ жил Өндөр гэгээн Занабазарыг мэндэлсний 380 жилийн ойг тэмдэглэнэ. Мөн Ерөнхийлөгчийн санаачилгаар В.И.Лениний музейн өмнө Богд хааны хөшөө барих шийдвэр батлагдсан байгаа. Буддын шашин Монголд дэлгэрээд олон зуун жил болсон учир бидний соёлтой салшгүй хамаатай болжээ. Эртний соёлыг харуулах үнэт бүтээлүүдээ үзүүлэх газаргүй, сэргээн засварлаж чадахгүйн улмаас гаднын оронд их зардаг. Түүнчлэн тус музей барилга хийц загварын хувьд Азид дээгүүрт ордог ч судалгаа, шинжилгээний ажил дутмаг юм билээ. Тиймээс энэ барилгыг Буддын соёлын музей болгох санал оруулж байна” гэлээ. 4712 ам.метр талбайтай уг музейн барилгын архитектурт өөрчлөлт орохгүй. Музейн дотор талд Богд хааны хөшөө босгож, бусад үзмэрээр тохижуулан, үндсэн хийцийг нь өөрчлөхгүйгээр гурав орчим тэрбум төгрөгийн засвар хийхээр төлөвлөсөн аж. Харин Монгол Улс Палентологийн олдвороороо дэлхийд нэгдүгээрт ордог учраас Үлэг гүрвэлийн музейн бүтээлийг ашиглаж “Палентлогийн төв байгуулах” төсөл хэрэгжүүлэх гэнэ. Үүнийг байгуулах газраар Тэрэлж хүрэх замд буюу Мэлхий хадны зүүн хойд газрыг сонгосон бол уг төв бий болоход 27 тэрбум орчим төгрөг хэрэгтэй гэнэ.