Дуурь бүжгийн эрдмийн театрынхан энэ онд АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр “Harmony of Flute and Harp” төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд АНУ-ын флейт хөгжимчин Жэфри Кохан, Австри улсын босоо ятгачин Тина Зердин нар Монголд ирж сургалт явуулж, хамтарсан тоглолт хийхээр болсон байна.
Гуравдугаар сарын 19-нд тэдний хамтарсан тоглолт болох бөгөөд ДБЭТ-ын хөгжимчид болон энэ мэргэжлээр суралцаж байгаа оюутан сурагчид оролцох юм.
АНУ-ын хөгжимчин Жэфри Кохан нь олон улсын эртний хөгжмийн “Фландерс” фестивалийн дээд шагналтайгаас гадна флейт хөгжмийн мастер цол хүртсэн нэгэн юм. Тэрбээр дэлхийн 25 оронд флейт хөгжмийн тоглолт хийж, энэ хөгжмөө олон улсын түвшинд тунхаглан, шилдэг хөгжмийн зэмсгүүдийн тоонд зүй ёсоор багтахад хүндтэй үүрэг гүйцэтгэсэн байна. Харин Тина Зердин бол монголчуудын хэдийнэ танил болсон хөгжимчин. Тина Австрийн болон олон улсын үндэсний симфони найрал хөгжмийн фестивалуудад амжилттай оролцож байсан бөгөөд одоо Италийн “Ла Скала” театрт тоглож буй. Тэрбээр Монгол Австри улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн соёлын арга хэмжээнд оролцохоор хоёр жилийн өмнө анх удаа манай улсад ирж байсан. Улмаар ДБЭТ-т босоо ятгачин бэлтгэх төсөлд нэгдэж, бэлтгэгч багшаар ажиллаж байсан бөгөөд түүний монгол шавь нар энэ тоглолтод оролцохоор бэлтгэж байгаа.
Дэлхийд чансаагаараа дээгүүрт эрэмбэлэгддэг эдгээр хөгжимчид манай улсад тоглолт хийхээс гадна мэргэжлийн сургуулийн хүүхдүүдэд мастер класс сургалт явуулах юм. Тэд манай улсад энэ сарын 16-нд ирэх бөгөөд 17-нд ДБЭТ-т хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өгөх аж.