Петя хүү зоригтой. Тэр аливаа зүйлийг ажиглан, учрыг нь танин мэдэх дуртай. Тэр бас хүүхдүүдийг хөгжимд дурлуулж чаддаг их хүчтэй. Оросын алдарт хөгжмийн зохиолч С.С.Прокофьев “Петя, чоно хоёр” үлгэрт симфонийн цомнол, хөгжим бичиж, өнгөрсөн зуунд дэлхийн олон жаалыг сонгодог урлагт дурлуулсан юм билээ. Тэгвэл өчигдөр энэ бүтээлийг “Улаанбаатар” чуулгын тайзнаа “Unico” чуулгынхан эгшиглүүллээ. Симфони үлгэрийг дахин эгшиглүүлж, дунд сургуулийн сурагчдад үзүүлэх санаачилга гаргасан байгууллага нь “Бяцхан Моцарт”. Энэ төрийн бус байгууллагын тэргүүн Х.Баттуяа урлагийн байгууллагын менежерээр олон жил ажилласан туршлагатай нэгэн.
“Артлар” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Цацрал цомнолыг нь орчуулж Монголын хүүхэд, багачуудад бэлэг барьсан юм билээ. Түүний орчуулсан олон жүжиг “Black box” театрын тайзнаа тоглогдсоныг үзэгч, уншигчид санаж буй биз ээ. Өчигдөр Нийслэлийн хоёр болон 52 дугаар дунд сургуулийн багачууд Петятай хамт аялж, түүний хэрхэн авхаалж самбаа гаргаж ховдог чоныг барьж, амьтны хүрээлэнд аваачсаныг харлаа. Петя нугас найзаа чононд идүүлсэн ч бууж өгөлгүй, бяцхан шувуутай нийлж байгаад чоныг барьсан юм. Харин анчид чоныг авлах л ёстой гэж бодож байсан бол энэ ойлголтыг нь Петя өөрчилж, махчин чоныг амьтны хүрээлэнд аваачиж чаддаг.
Энэ үлгэрийн дүр бүр ямар нэгэн хөгжмийн зэмсгээр илэрхийлэгддэг. Тоглолтын хөтлөгч, үлгэр хүүрнэгч Т.Төрболд хүүхд үүдэд хөгжмийн зэмсгүүдийн тухай тайлбарлаж, ямар хөгжим аль амьтныг төлөөлж байгааг хэлж өгсөн. Үелэх бишгүүр буюу фагот бүдүүн дуутай учраас чоныг төлөөлж байсан юм. Харин уянгалаг кларнет Петяг, флейт шувуудын жиргээг, габой, валторн хөгжим байгалийн дуу чимээг гайхалтай гаргаж байсан юм. Хүүхдүүд амьтдын нэрээр танигдсан хөгжмийн зэмсгүүдээ хэрхэн дуугардгийг сонсож, сонирхолтой үлгэрээ хүүхэлдэйн киноноос үзэж, 45 минутыг тун зугаатай өнгөрүүлэв.
Ердийн дунд сургуулиудад хөгжмийн мэргэжлийн хичээл заах нь багасаж, XXI зууны монгол багачууд хөгжмийн боловсролгүй насанд хүрч байгаа энэ үед эрсдэлийг давж, хүүхдэд зориулсан хөгжмийн тоглолтыг зохион байгуулсан “Бяцхан Моцарт” төрийн бус байгууллагынханд талархал илэрхийлье. Мөн залуу, чадварлаг хөгжимчдийн нэгдэл “Unico” чуулгынхан энэ тоглолтын чухал хэсэг байсныг хэлэх нь зүй.
Грекийн гүн ухаантан Софокл “Урлаг мэдэрч байж л жинхэнэ хүн болдог” хэмээн хэлсэн нь бий. Урлагийг танин мэдэх хөтөч нь хөгжим байдаг. Хөгжмийн боловсрол олгох байдлаараа үлгэр жишээ болсон “Петя чоно хоёр” симфони үлгэр энэ сарын 15, 19-нд дахин хоёр өдөр тоглох юм билээ. Амжиж хүүхдээ баярлуулаад, анхаарлыг нь урлагт хандуулаарай.
Ж.СОЛОНГО