Онолын физикч Стивен Хокингийн амьдралаас сэдэвлэсэн “Бүх юмны томъёо” киногоороо саяхан “Оскар”-ын наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн жүжигчин Эдди Рэдмэйн трансжендер болжээ. Тодруулбал, тэрбээр дэлхийд анх удаа хүйсээ солиулах мэс засал хийлгэж байсан бодит хүний дүрийг дэлгэцнээ амилуулах юм байна. “Хааны айлтгал” киногоороо “Оскар” хүртсэн найруулагч Том Хоопер Америкийн зохиолч Дэвид Эбершоффын 2000 онд хэвлүүлсэн “Дани эмэгтэй” романаас сэдэвлэн ижил нэртэй кино бүтээж байгаа аж. Харин зохиолч эр романаа Данийн зураач Эинар Вегенерийн эмгэнэлт хувь тавилан, хайр дурлалаас сэдэвлэн бичсэн байдаг. Эинар Вегенер хэмээх трансжендер эмэгтэй Копенгагенийн дүрслэх урлагийн сургуульд суралцаж байхдаа Гердатай танилцан 1904 онд гэрлэжээ. Эинар 1930 онд хүйсээ солиулах хагалгаа хийлгэсэн ч эл туршилт амжилтгүй болж, удалгүй өөд болсон гэдэг. Киноны зургийг хоёрдугаар сард авч эхэлсэн бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 27-нд нээлтээ хийх гэнэ. Эдди Рэдмэйн түүний дүрийг бүтээхийн тулд 12 кг жин хасжээ.