Агшин хормыг аргамжиж үлдэнэ гэдэг, аяа юутай их хувь тавилан бэ...хэмээн Дарма.Батбаяр гуай дуу алдсан нь бий.
Монголд гэрэл зургийн анхны алба байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож байгаа.
Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо энэ оны нэгдүгээр сарын 31-нд ээлжит их хурлаа хийж, бүтэц зохион байгуулалтаа шинэчлэн дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулсан.
Улсын гэрэл зургийн газар, төвийн сонины гэрэл зурагчид болон ахуйн үйлчилгээний гэрэл зургаар ойлгогдож байсан энэ салбар нэгдэх, нэгдсэн нэг зохион байгуулалтад орох, зурагчдаа шат шатны сургалтад хамруулж, орчин үеийн хөгжилтэй хөл нийлүүлэх, ур чадварыг сайжруулах, тэдний нэр хүндийг олон нийтэд өсгөх, ёс зүйг нь сайжруулах зэрэг олон ажлыг хийх шаардлагатай гэж үзсэн нь МГЗНХ-ны үйл ажиллагааг эрчимжүүлэх, шинэ зохион байгуулалтад оруулах гол шалтгаан болсон ажээ.
Тус холбоо нь тодорхой шалгуураар гишүүд элсүүлэх бөгөөд гишүүддээ техник технологи зэрэг бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлэхэд үйл ажиллагааныхаа багагүй хэсгийг зориулна гэж төлөвлөж байгаа юм.
Мөн тус холбоо гишүүддээ гэрчилгээ, үнэмлэх олгож эхэлсэн байна.
МГЗНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн П.Баттулга
“1935 оны аравдугаар сарын 11-ны өдөр Ардын сайд нарын зөвлөлийн хурлаар Ардыг гэгээрүүлэх яамны сайдын илтгэлийн дагуу Монголд кино зургийн газар байгуулах асуудлыг тусгайлан хэлэлцэж, 32 дугаар тогтоол гаргасан байдаг.
Түүх сөхвөл, Богд хаан Бадам гэдэг зурагчинтай байсан. Судар бичгийн хүрээлэнд Чойжинням гэдэг хүн зурагчнаар ажиллаж байсан баримтууд ч бий. 80 жилийнхээ ойгоор бид гэрэл зурагчиддаа хүрсэн тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Сүүлийн үед аппарат барьсан болгон нь гэрэл зурагчин болж, мэргэжлийн болон мэргэжлийн бус гэрэл зурагчдын зааг ялгаа байхгүй болоод байна. Ийм үед үүний зааг ялгааг тодорхой болгох юмсан, мэргэжлийн гэрэл зурагчдын бүтээлийг олон нийтэд хүргэх, тэднийг гадаадад сургалтад хамруулах зэрэг тодорхой ажлууд зохион байгуулах зорилготой ажиллаж байна” гэж ярилаа.
МГЗНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаатар
“Гэрэл зургийн холбооны хоёрдугаар их хурлаар 150 гаруй гэрэл зурагчин хамрагдсан. Хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг гэрэл зурагчдийг холбоондоо элсүүлэхээс гадна тайлбайн гэрэл зурагчид, студынхэн, агентлаг, ахмад зурагчид, залуу гэрэл зурагчид зэрэг бүх гишүүдээ гишүүнчлэх эгнээнд багтааснаар албан бус тоогоор 1000 гаруй гишүүн бий. Мөн орон нутагт гэрэл зурагчдын клуб байгуулсан. Дарханд “Наран ургах зүг” гэрэл зургийн клуб байгуулаад байна” гэж ярилаа.
Мөн тус холбоо гэрэл зургийн оюуны өмчийн болон зохиогчийн эрхийг хамгаалалтад оруулахаар ажиллаж эхэлжээ.
МГЗНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн П.Баттулга” Сошиал медиа дэлгэрэхийн хэрээр гэрэл зургийн зохиогчийн эрх, оюуны өмчийн хулгайн асуудал хурцаар тавигдаж байна. Хэн дуртай нь хэн нэгний бүтээлийг шууд аваад тавьчихдаг болсон. Бараа бүтээгдэхүүний баглаа боодол дээр ч ийм оюуны өмчийн хулгайн асуудал гарч байна. Тиймээс оюуны өмчийн газартай хамтран, хууль тогтоомжийн дагуу шалгуулаад эхэлсэн байгаа. Манай холбоо оюуны өмчийн газартай хамтарч ажиллаж байна ” гэлээ.
М.Болор