“Манай эгч долоо хоногт арван кг турах “ӨЛСГӨЛӨН ДЭГЛЭМ“ барьж байсан юм. Тэгсэн дөрөв дэх хоногтоо хичээлдээ явж байхдаа толгой нь эргэж унаад эмнэлэгт хэвтэж байгаа” гэх халагламаар яриаг саяхан дэлгүүр хэсэж яваад ахлах ангийн болов уу гэмээр хоёр охиноос санаандгүй ч биш, санаатай ч биш сонсоодохлоо.Тэгээд л би энэ тухай бичихээр сууж байна.
Дэлхий нийтийн хамгийн аюултай өвчний жагсаалтад орох болсон таргалалт бүсгүйчүүдийн толгойны өвчин болсоор, олон охид турахыг хүссээр л.
Турах гэдэг үгийг өлсөх гэсэн пайзтайгаар ихэнх бүсгүйчүүд тархиндаа хадгалж явах боллоо. Гэхдээ бид зөв турж чадаж байна уу гэдэг бас л эргэлзээтэй асуудал гэдэг нь дээрх охидын ярианаас шууд харагдаж байгаа биз. Нүдээ бүрэлзтэл, толгойгоо эргэтэл өлсөж, эд эсээ албадан үхүүлэн байж турах хэрэггүй баймаар. “Битгий тур” гэсэн үг биш шүү охид оо. Хамгийн гол нь зөв арга хэрэглэж турах л чухал юм.
Залхуучуудын сонголт
Сүүлийн үед манай улсад импортоор ирж буй тураах эм бэлдмэлийг зарж байгаа иргэн, аж ахуйн нэгж сурталчилгаа явуулахдаа ихэнх нь “Нэг сарын дотор 5-8 кг жин хасна” гэдэг ч тухайн бүтээгдэхүүний үйлчилгээний талаар 100 хувийн баталгааг хэн ч өгдөггүй. Хэн зохиож найруулсан нь тодорхойгүй эдгээр зүйлс бол зүгээр л бидний эмзэг сэдэв дээр дөрөөлж, ашиг олох гэсэн нэгний бизнес.
Иймэрхүү аргыг цаг зав багатай, богино хугацаанд турах хүсэлтэй, залхуу эмэгтэйчүүд сонгодог нь тодорхой. Ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй, хоол сойж өөрийгөө зовоохгүйгээр эм уугаад л илүүдэл жингээсээ салахыг хүсдэг бүсгүйчүүдийн гол сонголт. Эцэстээ эрүүл мэнд, эд эрхтэнээрээ хохирдгийг олон жишээ харуулсаар байгаа ч нүдэн балай, чих нь дүлий, өөрсдийгөө хуурч явна. Иймэрхүү бэлдмэлүүд дотоодын зах зээлд 20 мянгаас 300 мянган төгрөгийн ханштай. Харамсалтай нь ямар нэгэн эм бэлдмэл илүүдэл өөх тосыг нь хурдан хугацаанд хөөн гаргах биологийн боломж байхгүйг судлаачид тогтоосон байгаа юм.
Тураах эм болгон хоолны дуршлыг бууруулж, энергийг нөхнө гэсэн тайлбартай байдаг ч ингэж хоолны дуршлаа санаатайгаар бууруулах нь буцаад таргалахад нөлөөлдөг. Харин идэвхтэй хөдөлгөөн хийж, ханаагүй тос, чихрийн хольц багатай уураг, шим тэжээл бүхий эрүүл хүнсээр хооллосноор идэх дуршил байгалиасаа багасдаг байна.
Турах, бас дахин турахаас өөр бодолгүй эмэгтэйчүүд эмний сөрөг үр дагаврын талаар бодохыг ч хүсэхгүй байна уу. Тэгвэл та өөртөө эзэн нь болж эрүүлээр нэг бодоод үз дээ. Тураах нэртэй эдгээр бүтээгдхүүн эрхтэнүүдийг чинь гэмтээхээс гадна урдчилан тооцохын аргагүй ямар нэгэн эрсдэлд оруулах магадлалтай.
Гүргэрчүүдийн сонголт
Facebook-д “Турж байвал үхсэн ч яахав”, “Турмаар байвал надаас асуу”, “Турах амархан” гэх сүржин нэртэй хуудсууд маш ихээр нэмэгдэж, охид бүсгүйчүүд өөрсдийн турсан түүхээс гадна “Долоо хоногт 10 кг турах”, “20 хоногт 20 кг тураах” гэх мэтийн янз бүрийн өлсгөлөн дэглэмийг өөр хоорондоо санал болгож байна. Бодлоо хуваалцаж, нэгнийхээ асуудлыг шийдэхийг эрмэлзэж байгаа бол сайн хэрэг. Гэхдээ хүн бүр өөрийн биеийн онцлогт тохирсон дэглэмийг барих шаардлагатай. Олон хоногоор хэт их өлсөх нь глюкоз байхгүй болгож, тархинд маш муугаар нөлөөлдөг. Өлссөнөөс хойших хоёроос гурван өдрийн дараа тархи шаардлагатай глюкозоо авч чадахгүй байгаагаас нөөцөө шавхдаг. Хоёр хоноход л гликолен дотор агуулагдах элэг болон булчин судасны массаас нүүрс усны нөөцийг авна. Дараа нь өөх болон уургаас глюкоз авна. Уургийг 50 хувь алдахад л үхэлд хүргэх аюултай гээд л маш олон сөрөг үр дагавартай шүү охид оо.
Хамгийн аймар нь шийдсэн эмэгтэйн сонголт
Турах гэдэг сэтгэцийн өвчин болсныг харуулсан бүсгүйчүүд өөрийн эд эрхтэнээ аюулд учруулж байна. Турахыг хүссэн хүмүүс өөхөө бяцлуулна гэж ярьдаг. Хэрэв жин хасагдах хэмжээнд хүртэл өөхөө бяцлуулбал маш аюултай. Бяцалсан бүх өөх зөвхөн бөөрөөр гардаг. Тийм учраас энэ нь бөөрний шээс, хэрэгтэй, хэрэгггүй бодисыг ялгадаг торыг бүтэн бөглөх аюул гардаг хэмээн мэргэжлийн эмч нар сануулж байна.
Эцэст нь хэлэхэд маш богино хугацаанд жингээ хасна гэж байхгүй. Сард дээд тал нь 5 кг, , хэвийн бол 2 кг-аар хасч байвал хүний биед хоргүй. Дахин хэлэхэд хамгийн зөв эрүүл турах арга бол зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хийх явдал юм.
Энэ бүхний сөрөг нөлөөг нь мэдэж байгаа хэрнээ ямарч хамаагүй аргаар турах бодол толгойнд чинь эргэлдсээр байгаа бол турахдаа биш өөрийн сэтгэл зүйд өөрчлөлт хийх гээд нэг оролдоод үзээрэй.