Монголын долоон зураач Италийн Милан хотод болох олон улсын үзэсгэлэнд оролцох болжээ. “Валиант арт интерьер” компани, “Алтан хаан” галерейтай хамтран тус арга хэмжээнд тав дахь удаагаа монгол зураачдын бүтээлийг оролцуулах болсон нь энэ. Энэ сарын 19-22-нд болох “Affordable art fair” үзэсгэлэнд Д.Ганболд, Ц.Түвшинжаргал, А.Өлзийсайхан, Б.Мөнхзул, Б.Дөлгөөн, С.Базарваань, Б.Номин нарын уран бүтээлийг тавих юм.
Европын холбооны хамгийн нэр хүндтэй эл үзэсгэлэн Миланд 73 дахь удаагаа нээгдэх нь. Энэ үеэр дэлгэсэн бүтээлийг боломжийн ханшаар буюу хамгийн үнэтэйг нь 6000 еврогоор худалддаг учир олон хүн сонирхдог аж. “Affordable art fair”-ыг энэ удаа 25 мянган зочин үзнэ хэмээн зохион байгуулагчид нь тооцоолжээ.
Вилл Рамсэй 1996 онд залуу уран бүтээлчдийг дэмжин, тэднийг уран зураг сонирхогчтой холбох зорилгоор өөрийн нэртэй галерейгаа Лондонгоос холгүй байгуулж, 150 гаруй зураачийн бүтээлийг 50- 2500 паундаар борлуулж эхэлснээр одоогийн “Affordable art fair” үзэсгэлэнгийн үндсийг тавьжээ. Өдгөө Бельги, Сингапур, Итали зэрэг олон оронд галерей нээж, 1.6 сая зочинд 295 сая еврогийн уран зураг худалдсан байна.
Б.ДӨЛ