Колумб улс секс-аялал жуулчлал эрхэлдгээрээ саяхнаас Куба, Тайландын араас нэхэж явах болсон байна. Тус улсад биеэ үнэлэхийг хориглоогүй, харин биеэ үнэлэгчдийг ашиглаж орлого олох, насанд хүрээгүй хүмүүстэй энгэр зөрүүлэхийг зөвшөөрдөггүй аж. Бага насныхныг эр, эмийн харилцаанд уруу татсан, энэ үйлдлийг мөлжлөгийн арга хэлбэр болгон ашигласан тохиолдолд 5-10 жил шоронд хорих ялаар шийтгэх хуулийн заалтыг аялал жуулчлал эрхэлдэг байгууллага, лавлах товхимол, онгоцны буудал, ер хаа сайгүй хүний нүдэнд тээглэхүйц газар бичиж байрлуулсан харагдана. 12- оос доош настай хүүхдийг ийм явдалд орооцолдуулбал оногдох ял хүндрэх аж. Секс-аялал жуулчлал сүрхий дэлгэрсэн хот нь Богота, Картахен, Меделин гэнэ. Колумбын аялал жуулчлалын байгууллагууд улс орноо “алдаршуулж” буй энэ мэт эрээн бараанаас хүмүүсийн анхаарлыг холдуулахын тулд түүх, соёлын дурсгалт, хүний хараа булаах зүйлсээ сурталчлах талаар их юм хийж буй ч алтан нарыг алгаар хааж болох биш гээч л болдог байна.
Биеэ үнэлэгчид өөрсдийгөө “сексийн ажилтнууд” гэж нэрлэх бөгөөд гайхалтай нь энэ утгыг илэрхийлэх үг испани хэлэнд тун ч олон байх юм гээч. Замын хажуугаар навчаар үзэмж муутай майханрахуу юм барьчихаад дэргэдүүр нь өнгөрөх худалдаачид, жуулчдад “үйлчилгээ” үзүүлж байдаг бүсгүйчүүдийг ramera гэдэг юм байна. Боолууд хийгээд тариачид шиг тэд ихэнхдээ хөл нүцгэн явна, гэхдээ хуурамч хямд ээмэг бөгжөөрөө жирийн бүсгүйчүүдээс ялгарна. Өөр бас gorrona гэдэг үг байна. Венесуэлийн умард нутийн индианчуудаас гаралтай guaricha гэх үг нь урьд нь цэл залуу янхныг нэрлэдэг байсан бол одоо харин нас тогтсон “охидыг” ийм үгээр нэрлэх болсон гэнэ. Секс ертөнцийн төрөл, нэр томьёоны арвин баялаг үгсийн сан руу XX зуун, шинэ технологи бүр ч олон өнгө аясыг оруулж иржээ. Хотуудын гэмт хэрэг хамгийн их гардаг дүүргүүдэд 1950- 1960-аад онд байсан “Өргөө” гэх мундаг нэртэй ч чухам ямар газар болохыг нь түүний үүдэнд зээглэн суух хүүхнүүд, орох хаалганы нь дэргэд байх хулсны бут нь хэлээд өгдөг шөнийн зугаа цэнгээний газрууд нь өдрийн цагт ч биеэ үнэлэгчдээр дүүрэн байсан бөгөөд тэднийг Reservados гэж нэрлэдэг байна.
Энэ бүхэн одоо ч элбэг дэлбэг байсаар. Peservados гэдэг нь жирийн орон сууцны хороолол дунд байх байшин бөгөөд ямар “ажил” эрхэлдэгээ гэр орныхноосоо жигтэйхэн нуудаг хүүхнүүд энд “алба хашна”. Тэд ихэнхдээ айхтар чинээлэг биш ч дажгүй амьдардаг оюутан, конторын албан хаагч, үнэртэн, хувцас хунар зарж, “хүүхэд, хөгшдөө асардаг” нөхөртэй бүсгүйчүүд байх бөгөөд гар утсаар яаралтай дуудахад саадгүйгээр год гээд гүйгээд ирэх боломжтой байдаг аж. Интернетээр урьдчилсан төлбөрт үйлчилгээ үзүүлдэг компаниуд 2004 оноос Колумбад борооны дараах мөөг шиг олширчээ. 1500 доллартай, байртай хүн бол ашигтай, аюулгүй ийм бизнес эрхэлж болох аж. Картахен хотод байх Сан-Буэнавентура их сургуулиас 2009 онд хийсэн судалгаагаар эндхийн эмэгтэй оюутны хоёр хувь нь “урьдчилсан төлбөрт үйлчилгээ” үзүүлж байжээ. Адрианатай би Богота хотын нэгэн фитнес клубт танилцсан юм. Тэрбээр 22 настай, сайн сайхан амьдралынх нь гол эх үүсвэр нь эцэг, эхээс заяасан энэ бие нь гэж байгаа. Гаднаас нь харахад том алаг нүдтэй, бор царайтай, нэг үгээр хэлбэл байдаг л нэг латин-америк эмэгтэй.
Загвар өмсөнө, хааяа бас олон ангит кинонд тоглочихно. Түүний нэмэгдэл орлогын талаар эцэг, эх нь юу ч мэдэхгүй. Гурван өрөө байртай, машинтай, гадаадад аялчихна. Биеэ үнэлэх болоод гурван жил болж буй. Төлбөр хамгийн өндөртэй нэгэн их сургуульд сурдаг найзаа дагаж давхиж байгаад ийм бизнест хөл тавьчихаж. Түүн шиг хүмүүсийн дотор телевизийн хөтлөгч, жүжигчин, гоо бүсгүй, тэр ч бүү хэл супер загвар өмсөгч ч бий гэсэн яриа байдаг. Хэдэн жилийн өмнө сэтгүүлч Альфредо Серрано номдоо өгүүлснээр бол нэртэй улстөрч, мансууруулах бодисын наймаачин, армийн дээд тушаалын генералуудыг загвар өмсөгчдөөр “хангадаг” Рочи гэгч хатагтай байсан аж. Тэрбээр биеэ их өндөр үнээр бусдад “тушаадаг” алдар нэртэй хүүхнүүдийн талаар ярьсан байна. Уг ном Колумб улс даяар шуугиан тарьж түүгээр телевизийн олон ангит кино ч бүтээж. Адрианагийн хувьд тогтмол үйлчлүүлдэг “өөрийн” гэсэн чинээлэг захиалагчтай бөгөөд цаг зуурын юм ч бас тааралдана.
Санхүүгийн талаар тогтворжиж, сайн хөлстэй (бүтэн хагас цагт 1200 доллар олдог) “шилдэг загвар өмсөгчдийн” эгнээнд орохын тулд Адриана бараг хагас жил “ажил олгогчдынхоо” сорилтыг туулсны дараа сая нэг юм гэрээ байгуулж, түүгээр ч барахгүй шагналыг нь нэмсэн төдийгүй урамшуулал ч авах болжээ. Одоо тэрбээр сард 25 мянган доллар авах тохиолдол ч байдаг гэнэ. Адрианатай орос эрчүүд ч учирч байсан аж. Тэд мөнгөндөө гар татдаггүй ч архи их уудаг нь түүний санаанд нийцээгүй байна. Адриана архи дарс уухгүй, мансууруулах бодисыг бол бүр “үзэхгүй”. Харин хөхөө томруулах гэх мэт бие хаагаа янзлуулах мэс засалд 15 сая орчим песо (8.5 мянгар доллар) зарцуулжээ. Энэ мөнгийг өөрөө олно. Мөнгө нь хүрэлцдэггүй зарим хүүхэн гадаадын ивээн тэтгэгч олдог ч гэнэ. Заримдаа мансууруулах бодисын наймаачдад ч ханддаг байна.
Родриго бол Картахен хотдоо олонд танил хүн. 55 настай, нуруулаг эр. Эхнэргүй, залуу эхнэр нь хаяад Америк руу явчихсанаас хүүтэйгээ хоёул амьдарна. Карибын тэнгисийн эрэг дээр 500 ам метр талбайтай хувийн сууцтай. Аялагч, жуулчлагчдад түүнийгээ түрээслүүлдэг. Түүнийг нь алдарт Диего Марадоно ч хөлсөлж байсан удаатай гэж байгаа. Картахен гэдэг рашаан амралтын энэ хот 2012 онд Америкийн улсуудын дээд хэмжээний VI уулзалт болж, Барак Обамагийн бие хамгаалагчид хормой хотны явдалд орооцолдсоноос хойш ихэд “алдаршсан” юм. Родриго нэгэн үе эндхийн баячуудын нэг гэгдэж явсан ч одоо ажил үйлс нь тийм ч сайнгүй байгаа аж. Түүний гол бизнес нь итали зоогийн газар байсан бөгөөд түүнийгээ хэдэн жилийн өмнө зарчихжээ. Энэ зоогийн газарт нь орой болгон богино банзалтай, ихэнхдээ 20-50 насны бүсгүйчүүд ирдэг юм байна. Тэд үнээ өөрсдөө хэлдэг гэнэ.
Хамгийн өндөр үнэтэй виски хоёр хундагыг юм уу өөр архи бол дөрвөн хундагыг захиалагчаараа авахуулна. Тэд эрүүл ахуйн хувьд баталгаатай. Харин хааяа захиалагчаа “сэгсрэх” эсвэл тэдэндээ зодуулах явдал гардаг гэж Родриго ярив. Тэрбээр хотын хуучин дүүрэгт бас зоогийн газартай байжээ. Охид бол энэ газрын танхимаас шууд өрөө рүү ороод явчих боломжтой байж. Харин францчууд буудлын захирлаар шинэ хүн томилсноос хойш ийш нь охид хүүхнүүд авчирахыг хоригложээ. Фернандо гэж микро автобусаар жуулчдад үйлчилдэг эр Богота хотын шөнийн цэнгээний хэд хэдэн газрыг надад танилцуулав. Ийм ажил эрхэлдэг жолооч хүн жуулчдад шаардлагатай мэдээлэл өгчихдөг, тэднийг хаагуур явуулбал амь нас, эд хөрөнгөнд нь аюул учруулахгүйг мэддэг байх ёстой аж.
Бид нэгэнтээ хөдөө нутгийн даржинхан зоогийн газар хүн хүлээн кока-кола ууж суув. Тэнд үйлчлэгчээс гадна нэг эрэгтэй, хоёр эмэгтэй байлаа. Тэд үзтэл өнгө зүс, хувцас хунар муутай юм. Бидэнтэй хамт явсан нэг жуулчин сонгож авсан эмэгтэйгээ дагуулан, алчуур, ерөндөг, ариун цэврийн цаас, түлхүүр аваад долоон доллар төлөөд өрөө рүүгээ явчихлаа. Чин үнэнийг хэлэхэд манай хүн хагас цаг болоод сэтгэл маш хангалуун гарч ирсэн юм. Мань эр бүсгүйдээ Колумбын песогоор 35 доллар нэмж өгсөн гэсэн. Фернандо бид хэд шөнийн нэлээд клубээр явахад үйлчлүүлэгчдийн 70 хувь нь гадныхан байх газар ч тааралдаж л байлаа. Клубийн ажилтнууд их эелдэг, биднийг орж байдлыг ажиглаад таван минут болоод гаръя гэхэд хориглохгүй байсан.
Зэвсэг бүхий сэжигтэй хүмүүс холхилдсон хямд бар, харанхуй булан ч байх л юм. Шөнийн цагаар ийм газар руу зүглэхийн хэрэггүй юм гэж бодогдсон. Эр, эм хүмүүсийг уулзаж учруулах үйлчилгээ үзүүлдэг нэгэн газрын эзэн Герман гэх харваас зальжин эрийн ярьснаар бол Богота болон Колумбын бусад хотоос охид, хүүхн үүдийг өөрсдөө очиж сонгож авч болохоос гадна фото зургийг нь ашиглаж сонголт хийж бас болдог аж. Нэг захиалагчид ийм үйлчилгээ үзүүлэхэд 1000 доллар зарцуулах бөгөөд үүний талыг нь эмэгтэйд өгдөг юм байна. Захиалагчид 2005 оны Колумбын мисс бүсгүйг олж өгөх үйлчилгээг 2000 долларын хөлсөөр үзүүлсэн тохиолдол ч бий юм гэсэн.
Р.ЖАРГАЛАНТ